Ихэнх нутагт өнгөрсөн баасан гаргаас эхлэн амралтын өдрүүдэд хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумд гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн юм. Үүний улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, дөрвөн байшин, нэг агуулахын дээвэр хууларч, гурван айлын гэр нурсныг тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагынхан хохирлыг тогтоож, сэргээн босгох арга хэмжээ авсан байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут сумд өнгөрсөн бямба гаргийн 16.20 цагийн орчимд салхи секундэд 23 м хүрч, шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулах, мөн аймгийн Бөмбөгөр сумд хүүхдийн цэцэрлэгийн дээвэр хууларчээ. Харин цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн, сураггүй болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүйг албаныхан онцлов.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 158 дуудлага бүртгэгдсэний 123 нь объектын, 10 нь ой, хээрийн түймэр, ес нь хүчтэй салхи, шуургатай холбоотой байжээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 51 иргэний утаажилтын бүсээс гаргаж, 13 хүний амь аварсан байна. Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хогийн сувагт өчигдөр 21.30 цагийн үед гал гарч, эмнэлгийн дотоод орчинд утаажилт үүссэнийг Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраажээ. Мөн тухайн өдрийн 20.50 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах орон сууцад гал гарч, иргэн У-ийн эзэмшлийн гурван өрөө байр бүхэлдээ шатсан байна. Утаажилт ихээр үүссэн тул 123 иргэнийг аюулгүй газар шилжүүлсэн аж. Галын шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагынхан ажиллаж буй юм.