“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” (МЭЗСК) нь “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, худалдан авах ажиллагаа, цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн асуудлаарх мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй, хараат бус байдлаар хүргэн, компаниудын үйл ажиллагаанд сэтгүүлчид төдийгүй иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой. Түүнчлэн мэдээлэл бэлтгээд зогсохгүй төрийн өмчит компаниудад тулгарч ирсэн засаглал, санхүү, бүтээмж зэрэг олон талт асуудлыг хөндөх, алдаа, доголдлыг шийдвэрлэх арга эрэлхийлэх, санал гаргах, бодлого боловсруулахад оролцох төлөвлөгөөтэй. Таван сарын хугацаанд үргэлжлэх дээрх төслийн явцад сэтгүүлчид салбар бүрийн төлөөлөл болсон таван экспертээс зөвлөгөө авч, харилцан хэлэлцэж, өгөгдөлд суурилсан, эрэн сурвалжлах 10 орчим томоохон бүтээл бэлтгэн хүргэх аж. Ташрамд дурдахад, МЭЗСК нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр мэргэшин ажилладаг 70 гаруй гишүүнтэй бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн контент, гарын авлага боловсруулж байсан туршлагатай.
С.Дулам