Атлантын далайд аялж явсан “MV Hondius” хөлөг онгоц дээр энэ сарын эхээр хантавирусний халдвар дэгдсэн юм. Аргентинаас Кабо-Верде рүү аялсан тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор 210 хүн зорчиж явснаас уг халдварын улмаас гурван иргэн нас барж, найман зорчигч халдвар авчээ. Тодруулбал, Нидерландын хоёр, өөр улсын нэг иргэн амиа алджээ. Тэгвэл уг хөлөг онгоцны зорчигч, Британийн нэг иргэнийг өмнөд Африкийн Йоханнесбург хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн бөгөөд шинжилгээгээр түүнээс хантавирус илэрсэн нь тогтоогдоод байна.
Сүүлд гарсан мэдээллээс үзэхэд тус хөлөг онгоц дээрх хантавирусний дэгдэлт хүнээс хүнд халдварлах чадвартай андес (Andes) омог болох нь албан ёсоор батлагдсан юм. Энэхүү омог нь уг вирусний төрлүүдээс хүнээс хүнд халдварлах боломжтой нь тогтоогдсон цорын ганц хувилбар бөгөөд халдвар тархах тохиолдол маш ховор ч ойрын хавьтлын үед эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Уг вирус нь өндөр халуурах, амьсгалын хүндрэл үүсгэх аюултай бөгөөд эрт илрүүлэг, хавьтлын хяналт маш чухал аж.
Иймд Өмнөд Африкт халдвар авсан зорчигчидтой холбоотой хавьтлуудыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Одоогоор 62 хавьтлыг тогтоосноос 42 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол үлдсэн 20 иргэнийг олж тогтоох, тандалтад хамруулахаар ажиллаж буйг ДЭМБ-аас мэдээлэв. Тус байгууллагын тархвар судлалын мэргэжилтэн Мариа Ван Керкхове “Энэ бол дараагийн “Ковид-19” биш ч маш ноцтой халдварт өвчин” хэмээн анхааруулжээ. Одоогоор олон нийтэд тархах эрсдэл бага гэж үзэж байгаа ч халдвар авсан хүмүүст уушгины цочмог дутагдал үүсэх эрсдэлтэй бөгөөд эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн аппарат шаардлагатайг онцолж байна. Мөн АНУ болон Швейцар улс өөрийн орны иргэдийг хүлээн авч, тусгаарлалт, тандалтын арга хэмжээг эхлүүлээд байна.
Харин манай улсын тухайд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан 2007 оны судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7 хувьд хантавирус илэрсэн байна. Мөн 2011 онд хийсэн судалгаагаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээгээр уг вирусний эсрэг бие тодорхойлогдсон нь уг халдварын эрсдэлийг судлан, тандалт хийх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв.