Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор өчигдөр зохион байгууллаа. Өнөө жил эл өдрийг “Цогц чадамж-сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэсэн бөгөөд зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцов.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 мянга гаруй сувилагч ажиллаж буй бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлж байна. Гэвч 1000 хүнд ногдох сувилагчийн тоо олон улсын дунджаас 2-3 дахин бага байгаа тул цаашид тэдний тоог нэмэгдүүлж, мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэхэд онцгой анхаарна гэдгээ Төрийн тэргүүн онцолсон юм. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг энэ онд багтаан 75 хувь хүртэл нэмэхээр төлөвлөснийг чхэлсэн. Одоогоор тус салбарынхны цалинг 30 хувиар нэмээд буй.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сувилагчдыг төрийн болон байгууллагын зардлаар сургах, гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж бүрдүүлэхээс гадна гүйцэтгэлийн санхүүжилтэд суурилсан урамшууллын тогтолцоог тууштай хэрэгжүүлж, нийгмийн баталгааг нь хангах бодлого баримтлахаа энэ үеэр онцлов.
Э.Сүйлэн