
ХАМТЫН ЯЛАЛТ, ХАМТЫН ХУВЬ ЗАЯА
Монгол хүн бүрийн хувьд тавдугаар сарын өдрүүд нь зөвхөн хаврын улирал бус, харин эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэн санах түүхэн мөч байдаг. Дэлхийн II дайны ялалт нь монголчуудын хувьд зүгээр нэг өнгөрсөн түүх биш, харин өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнох үндэс суурь болсон хувь заяаны сонголт байлаа.
Зөвлөлт Холбоот Улс фашизмыг ялсан нь зөвхөн хүн төрөлхтөн харгислал, милитаризмыг даван туулсны илэрхийлэл төдийгүй Монголын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн ялалт болсон юм.
ХАЛХЫН ГОЛООС ЭХЭЛСЭН ИТГЭЛ, НӨХӨРЛӨЛ
Монгол, Зөвлөлтийн ард түмний ахан дүүсийн харилцаа 1924 онд орчин үеийн Монгол Улс байгуулагдсан үеэс улам бэхжсэн. Энэхүү нөхөрлөл нь 1939 оны Халхын голын дайнд жинхэнэ утгаараа шалгагдсан билээ.
Милитарист Япон улс Монголын нутаг дэвсгэрт халдан довтлоход Зөвлөлтийн цэргүүд 1936 оны харилцан туслалцах гэрээний дагуу монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан юм. Халхын голын ялалт нь зөвхөн хил хязгаарыг хамгаалаад зогсоогүй, Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа болж, хоёр орны найрамдлын суурийг улам бататгасан түүхэн үйл явдал болсон.
“БҮХНИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ-МОНГОЛЧУУДЫН ЧИН СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖ"

1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж, ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг дайн эхэлсний маргааш өдрөөс нь эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг дурдахгүй байхын аргагүй.
Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.
Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15 000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6 000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ. Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн байлдааны зэвсэг бол ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цуваа юм.
Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлыг Засгийн газар хариуцсан бөгөөд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 ам.долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна.
Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж, 1943 оны нэгдүгээр сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Энэ бригад хожим нь гвардийн танкийн 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болж, Москвагийн дэргэдээс аян дайны түүхэн замналаа эхэлж, Берлин хүртэл байлджээ.Тус бригад нь долоон удаа одонгоор шагнагдсаны дээр бригадын дарга, хурандаа И.И.Гусаковский ЗХУ-ын хошой баатар, 15 хүн ЗХУ-ын баатар цолоор, дарга, байлдагч 7 770 хүн Зөвлөлт, Монгол, Польшийн одон тэмдгээр тус тус шагнагдсан байдаг. Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль.
“Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны долдугаар сард Оршийн нэрэмжит болсон билээ. Түүнчлэн Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485 000 морьд худалдаж, 32 538 шилдэг хүлгийг бэлэглэж байв.
Улаан армид бэлэглэсэн монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ.
1945 он: МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН ЯЛАЛТ
1945 онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Квантуны армийг бут цохих ажиллагаанд оролцсон нь Монголын хувьд зөвхөн цэргийн төдийгүй дипломат асар өндөр ач холбогдолтой байв.
Говь цөл, Хянганы нурууг давсан Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэргийн ажиллагаа нь дэлхий дахинд Монгол Улсын чадавх, тусгаар улсын байр суурийг харуулсан түүхэн үйл явдал болсон юм. Үүний үр дүнд Ялта, Потсдамын бага хурлын шийдвэрүүдээр Монголын статус бэхжиж, бүх нийтийн санал асуулгын дараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.
НАЙРАМДЛЫГ БАТАТГАСАН ТҮҮХЭН ДУРСАМЖ
Өнөөдөр ч Монгол, Оросын найрсаг харилцаа, цэргийн хамтын ажиллагааны уламжлал үргэлжилсээр байна. Үүний тод жишээ нь ОХУ-ын Чита хотод болсон ёслолын ажиллагаа байлаа.
Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонг Оросын 266 дугаар тусгай гвардын штурмын нисэхийн хороонд гардуулсан юм. Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба энэхүү үйл явдлыг хоёр орны олон арван жилийн туршид бэхэжсэн найрамдал, харилцан итгэлцлийн бэлгэдэл хэмээн онцолсон.
Мөн энэ үеэр талууд Аугаа ялалтын 80 жил, Халхын голын ялалтын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, өвөг дээдсийн баатарлаг гавьяаг хүндэтгэн дурссан нь түүхэн ой санамжийг хамтдаа хадгалж буйгийн илэрхийлэл болсон юм.
1945 оны ялалт бол Монгол Оросын ард түмний хамтын бахархал билээ. Энэхүү ялалт нь зөвхөн өнгөрсөн түүх бус, харин өнөөдрийн найрамдал, ирээдүйн хамтын хөгжил, харилцан итгэлцлийн үндэс хэвээр байна.