Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Богд уулын арын замд энэ сарын 16-ны шөнө хяналт, шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хутгалж, хүнд гэмтээжээ. Тухайн дүүргийн нутагт шалгалт хийж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дэд ахлагч О.Б нь бямба гаргийн 01.40 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг илрүүлсэн аж. Энэ үед тухайн автомашинд жолоочтой хамт зорчиж явсан 47 настай Д.Өлзийбадрах гэгч замын цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг нь эсэргүүцсэн гэнэ. Улмаар гэртээ очоод хутга ханцуйлж, буцаж ирээд дэд ахлагч О.Б-д халдаж гурван удаа хутгалаад зугтсан байна. Цагдаагийнхан Д.Өлзийбадрахыг эрэн сурвалжилж тэр шөнөд нь хойшлуулшгүйгээр баривчилсан аж. Нийслэлийн прокурорын газраас Д.Өлзийбадрахыг сэжигтнээр баривчлах тухай санал тэр өдөрт нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлснийг шүүгч Ч.Алдар хүлээн авч хянан хэлэлцжээ. Ингээд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтний тайлбар, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Эрүү гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.4 дэх хэсгийн “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл, түүнч лэн дахин гэмт хэрэг үйлдэх, төгсгөх үндэслэл байгаа” гэх заалтын дагуу уг зөвшөөрлийг олгосон гэнэ. Сэжигтэн Д.Өлзийбадрах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, өмнө нь ял шийтгүүлж байсан гэх мэдээлэл бий. Хохирогч замын цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд, ГССҮТ-д хэд хэдэн мэс засалд орж, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй аж. Өдгөө уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаараа цагдаагийн байгууллагаас мэдээллээ.