Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай ярилцлаа.
-Жил бүр зарладаг авлигын төсөөллийн индексээр 2025 онд 10 байраар ухарсныг мэдээлсэн. Ингэж ухарсан нь Монгол Улс, АТГ авлигатай тэмцэж чадахгүй байна гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Энэ төсөөллийн индексийг хэрхэн бодож гаргадаг юм бол, бодит байдалд хэр нийцсэн гэж хэлэх вэ?
-Иргэд, олон нийтэд энэ талаарх мэдээллийг үнэн бодитоор хүргэх шаардлага бий. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын авлигын төсөөллийн индексийг гарган зарлаж байгаа. Манай улсын хувьд 2025 онд хоёр оноо буурсан. Байр гэхээсээ илүү эрэмбийн хувьд хойшилсон юм.
Нийт 8-9 эх сурвалжийн үнэлгээнд үндэслэн манай улсын авлигын төсөөллийн индексийг тооцож гаргадаг. Үүнийг тухайн байгууллага өөрийн хийсэн судалгаанд бус, найман өөр төрлийн хараат бус олон улсын байгууллагын судалгааны нэгдсэн дүнд тулгуурлан дүгнэдэг гэсэн үг. Эх сурвалжийн хувьд “Дэлхийн эдийн засгийн форум”, “Глобал инсайт” зэрэг найман тусдаа байгууллага байдаг. Эдгээр байгууллагын хийсэн судалгаанаас авлигатай холбоотой асуумж, асуултуудад Монгол Улсын нөхцөл байдлыг бизнес эрхлэгчид, экспертүүд буюу шинжээчид үнэлээд, эрсдэлийн үнэлгээнд нь хамрагдаад оноо тавьдаг гэж ойлгож болно. Эндээс авлигатай холбоотой хэсгийг нь салган авч ойлгох шаардлагатай. Жишээлбэл, Үзэл бодлын судалгаа гэж бий. Судалгаа нь дотроо маш олон асуумжтай. Найман эх сурвалж нь нийтдээ 1000 гаруй асуумж, асуулгаар дүгнэгддэг. Эдгээрийн цөөн хэд нь авлигын асуудлыг хэмждэг. Хэмжинэ гэдэг нь тухайн улс оронд хэдэн төрлийн авлигын гэмт хэрэг гарсан, хэчнээн төгрөгийн хохирол учирсан, мөнгө угаах гэдэг юм уу авлигын асуудлаар тоо баримт нь ийм байна гэдэг статистик гэхээс илүү шинжээчдийн хандлага, төсөөллөөр ерөнхий нөхцөл байдлыг гаргаж тавьдаг. Ийм, ийм зүйл дээр авлигын эрсдэл байна гэсэн ерөнхий төсөөлөл юм. Бид үүнийг авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа анхаарч, нөхцөл байдлаа цаашид сайжруулахын тулд ашиглах шаардлагатай.
2024, 2025 оны дүнгээс найман үзүүлэлтийн заримыг товч дурдъя. Дэлхийн эдийн засгийн форум эх сурвалж дээр голлох авлигын асуудал нь нэгдүгээрт бизнес эрхлэгчид нь авлигад өртдөг үү, төсвийн хөрөнгийг шамшигдуулж зориулалтын бусаар зарцуулдаг уу гэсэн хоёр гол асуулт тавьдаг. Үүнд төдөн авлигын хэрэг гэсэн асуулт байхгүй. Ер нь авлига байдаг юм уу, ямар салбарт авлига байгаа юм бэ гэсэн асуулт тавьж буй юм. Дараагийн “Глобал инсайт” байгууллагын судалгаанд мөн адилхан бизнес эрхлэгчид болон улс төр, эдийн засаг, түүн дотроо аюулгүй байдал хэр түвшинд вэ гэдэг байдлаар асууж үнэлдэг. “Бертелсман сан”-гийн индексээр шилжиж байгаа орнуудын төрийн албан хаагчдын авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдол, түүнд нь хариуцлага хүлээлгэдэг үү, олон нийт хэр шүүмжлэлтэй ханддаг вэ гэдэг талаас авч үздэг. Мөн дээрээс нь Засгийн газраас авлигатай хэр үр дүнтэй тэмцдэг механизмыг үнэлж, хариулт өгдөг.
-2024, 2025 онд сая дурдсан хоёр индекс өөрчлөлтгүй байсан даа?
-2025 оны хувьд “Глобал инсайт” болон “Бертелсман сан”-гийн онооны үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй. “Ардчиллын олон талт өөрчлөлтийн байдал”-ын үнэлгээгээр таван оноо нэмэгдэж, “Сайн” гэж үнэлэгдсэн байна. Бусад таван эх сурвалжийн хувьд 1-7 оноо буурсан. Тэгэхээр тухайн оны нөхцөл байдал, судлаачдын асуулгад хариулсан байдлаас шалтгаалан оноо нэмэгдэж болно, бас буурдаг. Нийтээрээ муу байгаа гэхээсээ илүү эдгээр найман эх сурвалжийн үнэлгээ тус бүрийг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй. Ингэснээр бид авлигын “онош”-оо тавьж чадна.
-Энэ үзүүлэлтүүдээс харахад авлигын төсөөллийн индекс гэдэг нь АТГ-ын үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөөд байгаа юм уу, эсвэл манай улсын төр, засгийн үйл ажиллагааг дүгнээд байна уу?
-Авлигын индексийг хэмжиж байгаа найман эх сурвалж нь улс төрийн хүрээнд авлига байдаг уу, төсөв санхүү, тусгай сан, томилгоотой холбоотой гэх зэрэг асуултад хариулт өгдөг гэж ойлгож болно. Эндээс харахад, АТГ-ын үйл ажиллагаа ямар вэ гэсэн асуулга байхгүй. Юуг голлодог вэ гэхээр улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаа, бизнес эрхлэлтийн орчин, иргэний нийгмийн байгуулал, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, олон нийтийн хяналт гэх мэтийг чухалчилдаг гэж хэлж болно. Тэгэхээр нийгмийн бүх салбарыг бүхэлд нь үнэлж дүгнэж байгаа гэсэн үг. Үүнийг аль аль талдаа маш сайн ойлгож авах хэрэгтэй. Нөгөө талаараа энэ үнэлэлт дүгнэлт нь манай улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тогтолцоо засаглалын үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ юм. АТГ-ын хувьд 20-иод жилийн хугацаанд үйл ажиллагааны олон туршлага хуримтлуулсан. Олон улсын байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг маш их анхаардаг. Бодлогын бичиг баримтдаа тусгадаг. Тухайлбал, 2023 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон улсын зөвлөмжүүдийг заалт болгон тусган хэрэгжүүлж байна.
-Чухам юунд анхаарах шаардлагатайг зөвлөсөн бол?
-Зөвхөн 2025 он гэлтгүйгээр сүүлийн 5-10 жилийн хугацаанд манай улсад ямар чиглэл, зөвлөмж өгснийг бүхлээр нь харах шаардлагатай. Нөгөө талаас авлигын индексийн найман эх сурвалжийг бас бүгдийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Ганц нэг эх сурвалжийг нь тасалж аваад яривал тохиромжгүй. Жишээлбэл, нэг сурагч байлаа гэж бодъё. 10 хичээл үздэг. 2-3 хичээлдээ A, B дүн авдаг, 3-4 хичээлдээ C, D, нэг хичээлд F авсан байлаа гэхэд энэ сурагчийг маш муу гэж хэлэх боломжгүй. Индексийн дүнг яг үүнтэй ижил түвшинд, бүхлээр нь авч үзэх ёстой. Ямар эрсдэл байна, юунд анхаарах шаардлагатайг “Транпэрэнси интернэшнл” байгууллага зөвлөж байна вэ гэдгийг бүгдийг нь харах ёстой юм. Иргэдийн ойлголт зөрүүтэй байгаа. Нийт 1000 гаруй асуулга байдаг гэж би өмнө хэлсэн. Тэр бүхнийг тоочвол маш их цаг шаардана. Тэгэхээр авлигын индексийн үнэлгээгээр юуг хэмждэггүй вэ гэхээр авлигын тохиолдол, татвараас зайлсхийсэн, эсэх, санхүүгийн хууль бус гүйлгээ, авлигад өртөмтгий мэргэжилтнүүд, мөнгө угаах гэмт хэрэг, бизнес хувийн хэвшлийн салбар дахь авлига, далд нуугдмал эдийн засаг, тухайн улсын авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг хэмждэггүй.
-Хэмждэггүй үзүүлэлтүүдээс харвал манай улсын АТГ-ын хийдэг ажлууд харагдаад байгаа л даа.
-Нарийн тоогоор хэмждэггүй. Ерөнхийдөө байдаг уу, үгүй юү гэдгийг үнэлдэг. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, албан тушаалаа урвуулах, Засгийн газар нь авлигатай тэмцдэг үү, хүнд суртал бий болгодог уу, төрийн албаны томилгоог мерит зарчмаар хийдэг үү, албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг, эсэх, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах, шүгэл үлээх эрх зүйн орчин бий юү, засаг төрийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдаг уу, бизнес улс төрийн ашиг сонирхол байгаа, эсэх зэрэг үзүүлэлтийг хэмждэг.
-Хэмждэг үзүүлэлтээс манайд хийж, хэрэгжүүлж буй ажлууд бас харагдаж байна л даа. Манай улс албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэж, хянадаг. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Тэгэхээр цаашдаа үзүүлэлтүүд сайжрах төлөв байх болов уу?
-Илүү анхаараад явбал оноо мэдээж сайжирна. Гэхдээ зөвхөн оноонд тулгуурлаад оноогоо сайжруулна гэж явах нь зохимжгүй. Монгол Улс авлигыг багасгах нь чухал. Үүний төлөө тал бүрдээ анхаарч, эрсдэлээ том зургаар нь хараад, түүнийгээ арилгаад явбал үзүүлэлтүүд аяндаа сайжирна.
-Манай улсад ямар зөвлөмжүүд өгсөн талаар тодорхой хариулахгүй юу?
-Ардчилал, хүний эрхийн асуудлаа анхаарах талаар зөвлөмж өгдөг. Хүний эрхийг нэг удаа зөрчсөн байхад л тэр нь хасах оноо болдог. Манай улсад хүний эрхийн асуудал их, бага гэхээсээ илүү ерөнхийдөө байна, хойшдоо сайжруулах ёстой гэж зөвлөдөг. Энэ бол УИХ, Засгийн газрын түвшинд хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хэрэгжүүлэлтээр нь сайжруулах боломжтой. Дараа нь иргэдийн мэдэх эрх, зөвлөлдөх байдалд анхаараач гэдэг. УИХ-аас батлан гаргах хуулиудыг эхлээд иргэдээрээ хэлэлцүүлдэг байгаачээ гэж байгаа юмл даа. Энэ мэтээр Засгийн газрын нээлттэй, ил тод байдал, эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэх боломж, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн өмчит компанийн засаглал, томилгоо, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намын санхүүжилт зэрэг асуудлыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Тухайлбал, танай улс Баялгийн сангийн хуультай боловч үр өгөөжийн хувьд олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх шаардлагатай. Мөн уул уурхайн олборлолтын ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, томилгооны асуудал ч мөн чухал. Уул уурхайн салбарын томоохон компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал зэрэг томилгоог мерит зарчмаар бус, улс төрийн нөлөө, танил талын дарамтаар хийдэг нь авлигын эрсдэлийг нэмэгдүүлж, компанийн үр өгөөж, улсын орлогыг бууруулсаар байна. Төрийн албан хаагчдыг, ялангуяа мөрдөн шалгах, шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудыг шинэ арга техник, олон улсын туршлагаар тогтмол чадавхжуулах шаардлага бийг олон улсын байгууллагууд онцолж байна. Хамгийн чухал зөвлөмжүүдийн нэг бол улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах явдал юм. Норвег, Гана улстай хамтран гаргасан НҮБ-ын тогтоолоор улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохыг Монгол Улсад зөвлөсөн. Энэ нь авлигын эрсдэлийг бодитойгоор бууруулахад маш чухал нөлөөтэй гэж үздэг.
2025 оны онцлох зөвлөмжүүд гэвэл Монгол Улс экспортын бүтээгдэхүүнээ нүүрс, зэс гэсэн хоёрхон төрөлд хэт их түшиглэсэн байдлаа өөрчлөх, эдийн засгийн бүтцийг олон талт болгох, нийгмийн халамжийн бодлогыг илүү оновчтой, тухайн цаг үеийн бодит нөхцөл байдалд нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн орчныг сайжруулах, татвар болон хөрөнгө оруулалтын бодлогыг илүү уян хатан, дэмжигч байдлаар өөрчлөх зэрэг асуудлыг 2025 онд онцгойлон зөвлөсөн. АТГ-аас энэ чиглэлээр тусгай судалгаанууд хийж, бизнес эрхлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд АТГаас үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажлаа улам эрчимжүүлээд байгаа.
-Авлигатай тэмцэнэ гэдэг бол зөвхөн АТГ-ын хийх ажил биш гэдгийг иргэд ойлгох ёстой санагддаг юм.
-Тийм ээ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа бол ганцхан байгууллага, ганцхан институцийн үүрэг биш. Энэ нийгэмд оролцогч бүх талын оролцоо болох УИХ, Засгийн газар, шүүх, хууль сахиулах болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, хувь хүн гээд бүгдийнх нь хамтын оролцоо, хүч чармайлтаар л үр дүнд хүрэх боломжтой ажил. Бүх талын системтэй, тасралтгүй оролцоотойгоор авлигатай тэмцэж байж л бид авлигын түвшнийг бууруулан, индексийн үзүүлэлтээ сайжруулж, илүү шударга, ил тод, нийгэмд аз жаргалтай амьдрах бодит боломжийг бүрдүүлж чадна. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн иргэдэд зөв, бодитой мэдээлэл түгээж байж нийгмийг соён гэгээрүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулна шүү дээ.