АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчиллаа. Тэрбээр Хятадад айлчлалгүй арван жил болсон байв. Энэ айлчлал дэлхий дахины анхаарал татаж байсан болохоор Америк, Хятадын удирдагчид уулзаад юу ярих, ямар шийдвэр гаргах, тэр нь олон улсын амьдралд хэрхэн нөлөөлөх, өөрчлөлт үзүүлэх бол хэмээн хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, судаач шинжээчид янз бүрийн таамаглал дэвшүүлж байсны дотор технологи, тариф, Тайвань, Иран, Ормузын хоолой, Украин гэсэн үгс олон давтагдаж байлаа.
Олдсон мэдээлэлдээ түшиглэн айлчлалын талаар тоймлон өгүүлье. Томчуудын айлчлалын анхаарлын төвд эдийн засгийн хийгээд улс төрийн асуудал байдаг нь ойлгомжтой. Хятадын тэргүүн Тайванийн талаар АНУ буурьтай бус, үйл ажиллагаа явуулах нь хоёр улсын харилцааг зөрчил, тэмцэлд хүргэж болзошгүйг Дональд Трампад анхааруулсан байна. Ши дарга “Тайванийн асуудал ХятадАмерикийн харилцааны нэлээд чухал асуудал бөгөөд түүнд зөв хандвал хоёр талын харилцаа бүхэлдээ тогтвортой болно. Хэрэв эвгүй хандвал хоёр улсын хооронд мөргөлдөөн, зөрчил үүсэж, харилцаа маань үлэмж аюултай байдал хүрч болзошгүй. Тайванийн тусгаар тогтнол гэдэг Тайванийн хоолойд энх тайван тогтоохтой зарчмын хувьд хавирах юм биш” хэмээн мэдэгдэв.
Хоёр удирдагчийн энэ удаа хийсэн эхний уулзалт төсөөлж байснаас нэлээд удаан хоёр цаг үргэлжилж, худалдаа, Иран дахь дайны асуудлыг хөндсөн байна. Америк, Хятад хоёр түншлэх ёстой болохоос өрсөлдөгчид байх учиргүй гэж Ши дарга мэдэгдэв. Хятад улс өөрийн газар нутгаа гэж үздэг Тайваньд Америк зэвсэг нийлүүлэхийг хойшлуулах, эсвэл хэмжээг нь багасгах зүйтэй гэсэн байр суурьтай байдгаа тэрбээр илэрхийллээ. Харин Америкийн удирдагч Тайванийн тухай яриа хөөрөөг төдийлөн дэмжээгүйгээр барахгүй Тэнгэрийн сүмд саатах үед нь энэ сэдвээр сэтгүүлчдийн тавьсан олон асуултад хариулт өгөөгүй аж. Харин Сангийн сайд Скот Бессент нь Тайванийн асуудлаарх санал бодлоо Ерөнхийлөгч ойрын үед хэлнэ. Асуудлын нарийн ширийнийг, ээдрээ төвөгтэйг тэрбээр сайн ойлгож байгаа. Харин үүнээс өөрийг бодож буй хүн яриа хэлэлцээ хийх Дональд Трампын арга хэлбэрийг л ойлгохгүй байгаа хэрэг хэмээн Америкийн телевизийн сурвалжлагчид мэдэгджээ.
Бээжинд Ерөнхийлөгчийнхөө айлчлалын бүрэлдэхүүнд орж ирсэн Төрийн нарийн бичгийн дарга, Хятадтай харилцахад хатуу чиг шугамтай байдгаараа нэрд гарсан Марко Рубио болохоор “Статус-квог хүчээр өөрчлөх явдал Хятадын ч, өөр хэний ч эрх ашигт нийцэхгүй. Энэ бүс нутагт тогтвортой байдал маш чухал гэж би үзэж байна” хэмээн хэлжээ. Тайванийн тал харин завшааныг ашиглаж, нүүр тал алдахгүйг хичээв үү гэлтэй байнга дэмжиж байдагт нь АНУ-д талархаж буйгаа Засгийн газрын нь төлөөлөгч Мишель Ли мэдэгдсэн байна лээ. Гэхдээ Трамп, Ши нарын уулзалтын дараа Тайванийн статусын асуудлаар эдийн засгийн үр ашгаа бодоод Хятадад Америк буулт хийчих вий гэх зовинол тус арлын оршин суугчдад төрсөн юм байна.
Хоёр удирдагчийн яриа хөөрөөний дараа Цагаан ордон мэдэгдэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүний дотор Америкийн компаниудыг Хятадын зах зээлд өргөн нэвтрүүлж, Америкт Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа гэсэн байна. Трамп Хятадад томоохон компаниудынхаа удирдагчдыг, “Nvidia”-гийн Женсен Хуанг, “Apple”-ийн Тим Кук, “Tesla” болон “Space-X”- ийн Илон Маск болон толгой цохидог 20 шахам бизнесменээ дагуулж ирсэн юм. Энэ нь Америкийн барааг худалдаж авах хэмжээгээ Хятад улс нэмэгдүүлэхэд хүргэх зорилготой нь холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Америкийн компаниудын эдгээр удирдлагатай уулзахдаа Хятадын Төрийн тэргүүн Америкийн бизнест Хятад илүүтэй нээлттэй болно, Хятадын зах зээл дээр тэдэнд өргөн боломж нээгдэнэ хэмээн мэдэгдлээ.
Иран улс ямар ч тохиолдолд цөмийн зэвсэгтэй болох ёсгүй, Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэж хоёр удирдагч санал нийлжээ. Цаашдаа Америкийн нефтиэс худалдаж авах хэмжээг нэмэгдүүлж, Ормузын хоолойгоос хамааралтай байдгаа багасгах сонирхолтойгоо Хятадын тал алсын зочдод ойлгуулжээ. Тэгэхдээ Трамп, Ши хоёрын уулзалтын талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдээлэл хийхдээ Ираны сэдвийг бараг хөндсөнгүй. Харин Ойрх Дорнодын байдал хийгээд олон улсын асуудлаар санал солилцсоныг тэмдэглэжээ. Ормузын хоолойг нээхэд тусалж Иранд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй хэмээн Хятадын удирдагч амласныг Трамп “Fox news”-т мэдээлсэн байна. Хятадын удирдагч Ши Жиньпин Ирантай үүсгэсэн зөрчил тэмцлийг нь зохицуулахад тусламж үзүүлэх талаар санал тавьсныг Трамп харин хүлээж авсангүй. Тэрбээр Иран сонголт хийх ёстой болоод байгаа гэж мэдэгдээд “Fox news”-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Тегеран хэрэв Вашингтонтой ам хэлээ ололцохгүй бол Ойрх Дорнодын энэ улсыг устгана хэмээн заналхийлсэн байна.
Украин дахь байдлыг нааштай зохицуулна гэдэгт Америк, Хятад найдаж байдаг нь энэ айлчлалын үеэр тодорхой байжээ. Тэгэхдээ нарийн төвөгтэй асуудлууд энгийн шийдэлтэй байдаггүй, энхийн төлөөх яриа хэлэлцээрүүд богино хугацаанд үр дүнд хүрчихдэггүй. Украины хямралыг намжаах талаар яриа хөөрөө хийхэд Бээжин, Вашингтон хоёр дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И онцлон тэмдэглэсэн байна.
Хятадад хийсэн Трампын айлчлал хоёр өдөр үргэлжлээд өнгөрсөн баасан гарагт дууссан. Эх орон руугаа мордохын өмнө Трамп “Тайвань, Ираны асуудлаар БНХАУ-ын даргатай харилцан ойлголцлоо. Тэгэхдээ Бээжин Ираны нефтийг худалдаж авахаа зогсоохгүй юм байна” гэж хэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Дональд Трамп цаанаа хоёр зорилго өвөрлөж Хятад ирсэн гэнэ. Эхнийх нь зөвшилцөлд хүрч, Бээжинтэй эдийн засгийн асуудлаарх яриа хэлэлцээгээ амжилттай болсон гэж америкчуудад харуулах, хоёрт, Вашингтон дэлхийд тэргүүлэгч тоглогч хэвээр байгааг үзүүлж, Зүүн Азид АНУ-ын байр суурийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ Трампын хувьд дасал болсон гэмээр дарамтлах оролдлогыг нь Хятад ер анзаарахгүй байв. Товчхон дүгнэхэд Америк, Хятад хоёрын хооронд худалдаанаас аваад Тайвань, цөмийн зэвсгээр хөөцөлдөх гээд энэ удаад хоёр удирдагч илээд өнгөрсөн шийдэгдээгүй асуудал олон. Ер нь энэ удаагийн айлчлалыг томоохон асуудал шийдсэнгүй гэж үнэлэх судлаач, шинжээч цөөнгүй байх шиг байна.
Айлчлалын явцад Трамп есдүгээр сард Ши Жиньпинийг гэргийн хамт Цагаан ордонд морилохыг урилаа. Хэвлэлд мэдээлж буйгаар Трамп, Ши нар энэ оны арваннэг, арванхоёрдугаар сард бас уулзах төлөвтэй байгаа юм билээ.
Трампыг Бээжинд өндөр хүндэтгэлтэй хүлээж авлаа гэж мэдээлж байна. 1959 онд нээгдсэн, Тяньаньмэний талбайгаас баруун тийш байх БНХАУ-ыг үндэслэн байгуулсны 10 жилийн ойд зориулан босгосон “Арван их барилга байгууламж”-ийн нэг гэгдэх Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болдог Ардын их хурлын ордонд айлчлалынх нь хоёр дахь өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийг цэргийн үлээвэр хөгжим, цэцэг барьсан хүүхдүүдтэй угтаж авсан байна. Ордны гол танхим нь 10 мянга гаруй хүний багтаамжтай, дайллага хийдэг зааланд нь нэг удаа 5000 хүн хүндлүүлэх боломжтой аж. 14-ний орой энд хүндэтгэлийн цайллага хийжээ.
Хоёр талын хэлэлцээрийн дараа удирдагчид Эзэн хааны цогцолбор буюу 600 жилийн “нас”- тай Тэнгэрийн сүмд очсон байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа энд морилсон АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч нь Трамп болов. Урьд нь 1975 онд Жеральд Форд энд хүрэлцэн ирж байжээ. Тус цогцолбор нь 92 байшингаас бүрдэх бөгөөд эргэн тойронд байх цэцэрлэг, мод нь газар, тэнгэрийн хэлхээ холбоог билэгддэг юм байна.
Айчлалын хоёр дахь өдөр Дональд Трамп, Ши Жиньпин хоёр Бээжин хотын төвд байдаг Хориотой хотын хажууд байх Чуннаньхай цэцэрлэгт хүрээлэнд зургаа авхуулжээ. Энэ цэцэрлэг Хятадын удирдлагын хаалттай, ажлын өргөө, улс төрийн гол төв юм байна. Ийш гадаадын зочдыг урьж авчрах нь Бээжингийн зүгээс үзүүлж буй гүн хүндэтгэл, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл болдог аж. “New york times” сонинд бичсэнээс үзвэл Чуннаньхай цэцэрлэгт гадаадын зочдыг байнга авчирдаг, эсэхийг нь Трамп сонирхоход Ши Жиньпин “Маш ховор” гэж хэлээд инээвхийлж “Тухайлбал энд Путин л ирсэн” гэж Бээжингийн ойрын түншээ нэрлэжээ.
Үнэхээр Владимир Путин Ши Жиньпин хоёр 2024 онд энд ирж, хэдэн цаг саатсан байжээ. Ташрамд тэмдэглэхэд, Трамптай хоёулхнаа уулзах үеэрээ Путинийг Ши Жиньпин дурсан ярьсан байна.
Түүх сөхвөл АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд Хятадад айлчилсан нь Дэлхийн II дайны дараах үед Цагаан ордны тэргүүний гадаад улсад хийсэн чухал үйл явдал болсон байна. Уг нь үүнээс нэг жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Хенри Киссинжер Бээжинд нууцаар ирж байжээ. Тэрбээр АНУ, Хятадтай дипломат харилцаа тогтоох боломж байгаа, эсэхийг тандаж, Мао Цэдун, Ерөнхий сайд Жоу Эньлай нартай уулзсан байна. 1949 онд БНХАУ-ыг байгуулснаас хойш АНУ түүнтэй албан ёсны харилцаагүй, харин коммунизмыг эсэргүүцдэг Тайвань дахь Гоминьданы Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн байв. Гэтэл Никсон, Киссинжер нарын хүчин чармайлтаар геополитикийн чухал ахиц гарч, ЗСБНХУ, БНХАУ хоёр биеэсээ хөндийрчээ. Энэ нь Сталиныг тахин шүтэх байдлыг Хрушев шүүмжилснээс үзэл суртлын хувьд санал зөрөлдөж, коммунист хөдөлгөөний тэргүүлэгчийн төлөөх тэмцэл хурцдаж, ЗХУ-тай газар нутгийн маргаан үүссэнтэй холбоотой байв.
Никсоны айлчлал хоёр орны иргэдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлжээ. Хятадын их Цагаан хэрмийг үзэж яваад Никсон “Аугаа их ард түмэн л ийм юм барьж чадна” гэж хэлсэн аж. 25 жил дайсагналцсаны дараа харилцаагаа хэвийн болгох эхлэл тавьсан Шанхайн баримт бичигт Америк, Хятад хоёр гарын үсэг зурснаар хүйтэн дайны үеийн хүчний харилцааг өөрчилж, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хөгжиж, олон улсын тавцан дээр ЗСБНХУ-ыг ганцаардуулах болсон байна.
АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч Жеральд Форд 1975 онд Мао Цэдуныг өөд болохоос арван сарын өмнө Хятадад таван өдрийн айчлал хийв. Соёлын хувьсгал нь төгсгөлийн шатандаа орж байв. Хүйтэн дайныг цуцалтгүй дэмжигч, АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган 1984 онд Хятадын газар нутаг дээр хөл тавьж, худалдааны асуудлыг ярилцсан нь хожмоо Америк-Хятадын харилцааны гол үйл хэрэг болсон байна. Энэ айлчлал түншлэл тогтвортой байхын билэг тэмдэг болжээ. Рейган Хятадын эдийн засагт чөлөөт зах зээлийн уур амьсгал оруулж чадсандаа баяртай байна хэмээн сэтгүүлчдэд хэлж байжээ.
41 дэх Ерөнхийлөгч эцэг Буш 1989 оны эхээр Бээжинд айлчилжээ. Тэрбээр Хятадын нийслэл дэх АНУ-ын оффисыг 1974-1975 онд удирдаж, үндсэндээ албан ёсоор дипломат харилцаа тогтоох хүртэл элчин сайдын үүрэг гүйцэтгэж байжээ. 1989 онд Тяньаньмэний талбай дээр олон хүний амь сүйтгэсэн нь хоёр улсын харилцааг төвөгтэй болгож орхив. Бушийн айлчлалын үед нэг явдал болсон нь АНУын Элчин сайд Уинстон Лорд төрийн хүлээн авалтад АНУ-ын Засгийн газар урих хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ нэрсийг гаргасны дотор Хятадын нэрт астофизикч, улс төрийн тэрс үзэлтэн Фан Личи орсныг Хятадын тал хасаж орхисныг Америкийн албаны хүмүүс эсэргүүцжээ. Тяньаньмэний талбайд зургаадугаар сарын 3-4-нд болсон үйл явдлын дараа Фан АНУ-ын ЭСЯ-нд очиж гэргийн хамт тэнд 13 сар толгой хоргоджээ. Үүнээс үүдэн Буш Хятадын эрх баригчдыг шүүмжилж, цэрэг, зэвсгийн салбар дахь арилжаагаа түр зогсоож, өндөр дээд түвшинд ч төлөөлөгч солилцохоо больсон байна.
Тяньаньмэний талбайд болсон хэрэг явдлын дараа 1998 оны зун АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон Хятадад ес хоногийн айлчлал хийв. Клинтон, Хятадын дарга Зян Зэминь хоёр хамтран нээлттэй хэвлэлийн бага хурал хийж Тайванийн асуудлаар Бээжингийн баримталж буй байр суурь, хүний эрхийн талаар эмзэг зүйлийг хөнджээ. Тайванийн тусгаар тогтнол, “хоёр Хятад” бий болгох, Тайванийг олон улсын байгууллагад элсэхийг АНУ дэмжихгүйг Клинтон энд хэлжээ.
43 дахь Ерөнхийлөгч хүү Буш 2008 оны зуны Олимпын үеэр Хятадад ирсэн байна. Тухайн үед Хятад Дэлхийн худалдааны байгууллагад элсээд эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байлаа. Бушийн энэ айлчлал дэлхийг хамарсан санхүүгийн хямралын өмнөхөн тохиосон байна. 2009 онд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн айлчлал АНУ-д санхүүгийн институцүүд дампуурснаас өргөн цар хүрээтэй хямрал нүүрлээд байсан үед тохиожээ. Энэ үед харин Хятадын эдийн засаг өссөөр байв. Обама Азийн улсуудын эдийн засгийн дээд түвшний уулзалтад оролцохоор 2014 онд Бээжинд дахин ирэхдээ Ши Жиньпинтэй уулзав. Тухайн үед хоёр улсын харилцаа муудаж, Обамагийн тодорхойлсноор түншийн гэхээсээ өрсөлдөгчийн хэмжээнд очсон байна. 2016 онд хийсэн сүүлчийн айлчлалаар Обамагийн хөлөглөсөн онгоц Ханжоуд газардаж, Хятадын ажилчид шатыг нь бүхээгийн өмнөд хэсэг рүү аваачиж чадаагүйгээс онгоцныхоо бөгсний хэсгээр буухад хүрсэн гэдэг. Шалтгаан нь техникийн бүрэн бус байдал байж болох ч Хятадын талаас хайхрамжгүй, тухайн улсад үл итгэх байдал ихсэж байсны шинж тэмдэг гэж олон ажиглагч үзсэн байдаг.
АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулийнхаа сурталчилгааны үед Хятадын худалдааны бодлогыг шүүмжилдэг байсан юм. Тэгснээ 2017 онд Хятадад айлчлахдаа Шин Жиньпинийг магтахдаа үг хайрлахгүй болчихсон “Та бол маш ер бусын хүн” гэж хэлж байв. Гэтэл түүнд өөр төлөвлөгөө байсан бололтой, удалгүй 2018 оны эхээр Хятадад худалдааны дайн зарлаж, тэр нь одоо хэр нь үргэлжилж байна.
Хэвлэлд мэдээлж буйгаар бол Ши Жиньпин сая Трамтай ижил түвшинд ярилцсан төдийгүй зарим талаар заналхийлсэн ч бололтой. Трампыг явмагц Ши АНУ-ын өөр нэг өрсөлдөгч ОХУын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүлээж авахад бэлтгэж эхэлсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар Трампын энэ айлчлалаас Хятад улс тодорхой юм хүлээж байсангүй. Дэлхийн хоёр том эдийн засаг, армийн удирдагчид уулзаад, эв найртай салсан нь их юм аж.
Санасан ёсоор ч болов. Трамп, Ши хоёул биедээ найрсаг үг хэлж, дипломат ажилтнууд нь хаалттай болсон яриа, хөөрөөний үр дүнг сонордууллаа.
Ши Жиньпин цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн удирдагчид ар араасаа ирж байдаг дэлхийн хэмжээний удирдагч болж буйг Хятадын суртал нэвтрүүлэг харуулахыг хичээж байна. Сая Тайванийн тухай лекцийг нь сонсохоор Трамп ирсэн бол Хятадын түүхий эд, технологийн хавсарга болж хувирсан Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Ши Жиньпин улаан хивс рүүгээ урьчхаад байна.
Р.Жаргалант