Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн албанд молекул биологийн бүрэн автомат систем суурилуулсан байна. Тус системийгашиглалтад оруулснаар нуклейн хүчил ялгах, PCR буюу ПГУ-ын холимог бэлтгэх, ДНХ-ийг олшруулж тодорхойлох гурван үе шаттай үйл явцыг бүрэн автоматжуулжээ. Ингэснээр зоонозын халдварт өвчний эмнэл зүйн оношийн баталгаажуулалт сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдааг хамгийн бага түвшинд хүргэх ач холбогдолтойг тус төвийнхөн онцолсон юм.
Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг “Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр уг системийг суурилуулсан байна. Тухайн шинэ систем дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлдэхийн тулд дөрвөн эмчид БНСУ-ын Дэжон хот дахь сургалт, судалгааны төвд номын дуу сонсгосон гэнэ. Түүнчлэн ажлын байранд нь 17 эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулжээ.
Ташрамд мэдээлэхэд, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зоонозынх хэмээдэг. Орчин цагийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд тархдаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь хүнд халдварладаг гэж үздэг. Манай орны тухайд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Энэ нь нийт нутаг, дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг юм.
Ч.Болор