Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өчигдөр 15.00 цагаас хуралдаж, Улаанбаатар хотын шинэ даргын асуудлыг хэлэлцэв. Засаг даргыг огцруулснаас хойш 14 хоногт багтаан дараагийн хүнийг томилох хуультай. Тэр ёсоор МАН дотор сунгаа үргэлжилж, нэрс дуулдаж эхэлсэн ч тус намын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-ны тэргүүн Б.Пүрэвдагвыг томилохоор тохирсон тухай мэдээлэл өмнөх шөнөөс нь тарсан юм. Энэ нь үнэн байж тэргүүлэгчдийн хуралдаанд Удирдах зөвлөл нь хотын даргад Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулж, дэмжлэг авчээ . Мөн нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-нд хийхээр товлосон байна. Үүгээр улс төрийн шийдвэрээ гаргасны дараа хотын “парламент”-аас нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд эцэслэн томилох учиртай. Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн, нийслэлийн 45 дугаар дунд сургууль болон МУИС-ийг улс төр судлалаар дүүргэжээ. Хотын унаган иргэн гэдэг тодотгол түүний давуу тал болж буй аж. Гэхдээ намтарт нь төрсөн газрыг Хэнтий аймаг хэмээн бичсэн байна. Тэнд төрөөд, хотод өссөн бололтой юм. Мөн 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Бяруузанын хүү юм байна. Ээж Л.Амаржаргал агсан нь Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн зээ хэмээн зохиолч Б.Шүүдэрцэцэг хуваалцжээ. Мөн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэсэн мэдээлэл тарсан. Тэгвэл Төрийн тэргүүний том охинтой хамтран амьдарч байсан нь үнэн, дундаасаа нэг хүүтэй, одоо бол тус бүрдээ гэр бүлтэй гэнэ.
Ямартай ч Б.Пүрэвдагва 18 настайдаа МАН-д элссэн юм билээ. Эрх баригч нам эдүгээ У.Хүрэлсүхийн болон Л.Оюун-Эрдэнийн гэсэн хоёр бүлэглэлд хуваагдсан. Тэгвэл түүний замналаас “хоёр төрийн үед” нүүртэй нэгэн гэдэг нь харагдана. У.Хүрэлсүх 2008-2012 онд МАН-ын генсек байх үед түүний улс төрийн карьер эхэлж, нөмөрт нь явжээ. 2010-2011 онд бүсийн зохицуулагч байснаа генсекийн туслах хийв. 2012 оны сонгуулиар “ах” нь УИХ-ын гишүүн болмогц үргэлжлүүлэн туслахаар нь ажиллажээ. 2017-2021 онд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Тэр үед эл залуу намынхаа генсекийн зөвлөхөөр хоёр жил болсон аж. Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн дарга байх үед гэсэн үг. Ингээд 2018-2020 онд МАН-ын орон нутаг, хөгжлийн хэлтсийн дарга, 2020-2021 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 онд намын байгуулалтын газрын дарга хэмээн өгсжээ. 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. 2024 оны есдүгээр сараас хойш тэрбээр НАМЗХ-г тэргүүлж буй. Түүний нэрийг уг албан тушаалд тухайн үеийн дарга Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлж байлаа. Тиймээс ч хотын даргад нэр дэвшүүлэх “дундын хувилбар” хэмээн үзэж буй биз ээ.
Хэдийгээр тэр илүү залуу, гадаадад боловсрол эзэмшсэн, энэ хотдоо өсөж, амьдарч буй нэгэн ч төрийн ажлын туршлага алга. Тэгэхээр нам дагаж, “татаас”-аар өгссөн түүнд их хүлээлт, найдлага тавиад хэрэггүй гэсэн үг. Гэхдээ Х.Нямбаатараас арай дээр байна гэж найдна. Нийслэлийн Засаг дарга бол аж ахуйн ажил эрхэлж, ИТХ, Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэгтэй албан хаагч. Үнэхээр л иргэдийнхээ төлөө ажиллах хүн мөн бол нийслэлчүүдийн нуруунд Х.Нямбаатарын үүрүүлсэн татвар, төлбөрийн ачааллыг буцаан бууруулахаас ажлаа эхэл. Өмнөх хүний алдааг давтахгүй, нээлттэй, бас эелдэг, бодит хөрсөн дээрээ бууж, дээрээс биш, дотроос нь харж ажиллах учиртай юм.
С.Уул