Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2027 онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үед зургаа, долоодугаар ангийн 137 мянган сурагчийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг нэмж тусгаж, нийт 194 тэрбум төгрөг болсон талаар мэдээлэв. Ингэснээр ирэх жилээс зургаа, долоодугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах гэнэ. Мөн зарим аймаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилгээ үзүүлж буй аж.
Цаашид дунд болон ахлах ангийн хүүхдийг бүгдийг нь үдийн хоолонд хамруулах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг Боловсролын яамнаас гаргажээ. 2029 он гэхэд дунд ангийнхныг, 2030 онд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор бүрэн хангах аж. Түүнчлэн өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөрийг 18 аймаг, нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж буй гэнэ.
Ч.Туяа