“Голомт” банк, “Бодь” группийг үүсгэн байгуулагч Д.Баясгалангийн гэрт нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн пүрэв гаргийн үдэш зарим цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд цацагдав. Гэвч уг мэдээлэл худлаа болохыг хэд хэдэн эх сурвалж баталсан юм. Харин тухайн өдөр “Голомт” банкных нь зарим бичиг баримтыг хууль сахиулах байгууллагынхан хурааж авсан байна. Энэ талаар мөрдөн шалгах байгууллагынхан ямар нэг хариулт, тайлбар хийгээгүй бөгөөд прокурорууд “Үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй. Чухам ямар хэрэгт холбогдуулан “Голомт” банканд үзлэг, нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн нэр холбогдсон, 110 сая ам.долларын нотлох баримтыг хайв уу, эсвэл өөр хүмүүст холбогдох хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулав уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.