Хүн төрөлхтний бүтээсэн “Вояжер-1” сансрын хөлөг дэлхийгээс 25.9 тэрбум километрийн алсад буюу нэг гэрлийн өдрийн зайд хүрч, шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээлээ.
Гэрэл вакум орчинд секундэд ойролцоогоор 300 мянган километр хурдалж, 24 цагийн дотор 25.9 тэрбум километр зам туулдаг. Ийм хол зайд очсон тул дэлхийгээс “Вояжер-1” рүү илгээсэн дохио бүтэн нэг хоногийн дараа хүрэх бөгөөд хөлгөөс хариу мэдээлэл ирэхэд мөн л 24 цаг шаардана. Тэгэхээр NASA-гийн эрдэмтэд ганц команд илгээгээд, тэр нь биелсэн, эсэхийг мэдэхийн тулд хоёр хоног хүлээдэг аж. 1977 оны есдүгээр сарын 5-нд эх дэлхийгээс хөөрсөн энэ хөлөг эхлээд Бархасбадь, Санчир гаргийн нууцыг тайлж, улмаар нарны аймгийн хязгаарыг зорин тэмүүлсээр 2012 онд од хоорондын орон зайд нэвтэрсэн анхны биет болсон юм.
Сансрын уудамд хагас зуун жил шахам тасралтгүй аялсан ч “Вояжер-1” өнөөдөр ч бидэнтэй холбоотой хэвээр байна. Эрчим хүчний нөөц нь аажмаар шавхагдаж буй тул инженерүүд түүний “амьдралыг” аль болох уртасгахын тулд зарим системийг нь үе шаттай унтраасаар буй. Түүнчлэн хөлөгт эх дэлхийн байгаль, амьтад, хүний амьдралын дүр зураг, олон хэлний мэндчилгээ, хөгжмийн эгшгийг мөнхөлсөн “Алтан бичлэг” (Golden record) бий. Хэрэв хязгааргүй уудам огторгуйд харь гаргийн соёл иргэншилтэй таарвал хүн төрөлхтнийг төлөөлөн мэндлэх “элч” нь тэр юм.
Э.Сондор