Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж авах шалгуурыг чангаруулж, олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааран ялгаатай тогтоохоор боллоо. Шинэ зохицуулалтаар анх удаа тэтгэмж хүсэж буй иргэн нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нийт хоёр жилээс доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Харин одоо мөрдөж буй журмаар нийт нэг жил, түүний сүүлийн есөн сард нь завсаргүй шимтгэл төлөхөд хангалттай байв.
Мөн бүх хүнд ажлын 76 өдрийн тэтгэмж олгодог байсныг өөрчилж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн иргэдэд олгох хугацааг 55 өдөр болгон бууруулжээ. Харин бусад шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон хүмүүст өмнөхийн адил ажлын 76 өдрийн тэтгэмж олгоно. Түүнчлэн тэтгэмжийн хэмжээг тооцох аргачлалыг шинэчилж, дараалсан есөн сарын дундаж цалинг бус, сүүлийн нэг жилийн хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод үндэслэн тогтоохоор болжээ. Ингэхдээ шимтгэл төлсөн хугацаанаас хамааран орлогын 50-70 хувиар тооцдог жишгийг хэвээр хадгалсан байна.
Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага орлогоосоо давсан тул ийнхүү өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар тус санд 134.7 тэрбум төгрөг төвлөрсөн ч 33 929 иргэний тэтгэмжид 159.3 тэрбумыг зарцуулж, алдагдал хүлээжээ.
У.Сүрэн