Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутамд шинэчлэн баталдаг. Тэгвэл үүний хүрээнд насанд хүрэгчдийн XI жагсаалтад 44 нэр, төрлийн эм нэмж, нийт 546 болгожээ. Харин хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV жагсаалтад нийт 238 нэрийн эм бүртгэсэн бөгөөд энэ онд шинээр 22 нэр, төрлийн эм нэмсэн байна. Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн зайлшгүй шаардлагатай эмийн хэрэглээнээс 85, хүүхдийнхээс 30 нэрийн эм хасжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв “Зайлшгүй шаардлагатай эм гэдэг нь нэн тэргүүнд хэрэглэдэг, ялангуяа эмнэл зүйн зааварт нотолгоо нь тодорхой болсон, эмчлүүлэгчдэд зайлшгүй хэрэгцээтэй, нэгдүгээр сонголтын эмийг хэлдэг. Эдгээрт шинээр бүртгэх эмийн сонголтын талаар мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлөөс хоёр жил тутамд санал ирүүлдэг. Энэ жилийн баталсан эмийн жагсаалтаас иргэдийн өргөн хэрэглэдэг урсофальк эмийг хассан. Энэ нь цөс хөөх, шингэлэх үйлдэлтэй болохоос элэгний үрэвслийн үед хэрэглэх, элэг хамгаалагч эм биш юм. Эмчийн хяналтад тодорхой тунгаар хэрэглэхгүй бол эсрэг заалт, гаж нөлөө ихтэй байдаг учраас эмнэл зүйн нотолгооны түвшинд зайлшгүй шаардлагатай эмээс хассан. Мөн тархины цусан хангамж сайжруулах нэмэлт дэмжлэг эмчилгээнд ордог цитиколин эмийг хаслаа. Нэгдүгээр сонголтын эм болж батлагдаагүй, нотолгооны түвшинд хангалттай судлаагүй учраас хасссан. Түүнчлэн ноцид эмийг бөөрний архаг дутагдлын үед буюу гемодиализийн аппаратад орохоос өмнө хэрэглэдэг. Монгол Улсын эмнэл зүйн заавраар баталгаажаагүй, олон улсад дэмжлэг эмчилгээнд ашиглаж буй учраас дээрх жагсаалтаас хассан” гэв.
Т.Туяа