Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд зургаа дахь жилдээ зохион байгуулж буй. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд уг аяныг энэ сарын 13-наас эхлүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх гэнэ.
“Анхааралтай байвал аюулгүй” уриан дор хүүхэд багачуудад шар дарцгийг ашиглан аюулгүй гарах зааварчилгааг Тээврийн цагдаагийн албаныхан өгч буй аж. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг цагдаагийн алба хаагчид уриалахын зэрэгцээ жолооч нарыг явган хүний гарцын өмнө хурдаа хасан, зорчигчид зам тавьж өгч байхыг санууллаа. Гарцаар гарч яваад осолд өртөх, цаашлаад амиа алдсан харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сард явган хүний гарц дээр 103 осол гарч, 12 хүн нас баржээ. Сонирхуулахад, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор уг аяныг өрнүүлдэг юм. Ялангуяа гэрэл дохиогүй гарцуудад шар дарцаг байршуулснаар зорчигч үүнийг өргөн жолоочид дохио өгч аюулгүй гардаг байна.