Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Иргэн төвтэй байх зарчим баримталж, олон нийтээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн хотын өмнө тулгамдаж буй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн үндсэн хэсэгт хуваан, төсвийн төслийг боловсрууллаа. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн жилүүдэд хотод хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлээс төвлөрүүлсэн төсөв байсан. Долоон хувийг нь л бусад эх үүсвэрээс санхүүжүүлж ирэв. Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бидэнд олгосон давуу эрх, бололцоо бий учраас нийслэл цаашид хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдэх, бизнес эрхлэгчдийг илүү их ашиг, орлоготой байх бодлого баримтална. Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ гэсэн үг” хэмээлээ.
Ташрамд мэдээлэхэд, холбогдох хуулийн дагуу хотын төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг.
О.Оргилох