Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдэлж, эрүүгийн хэргээ эцэслэн шийдвэрлүүлэлгүй сууж буй гишүүд энэ парламентад цөөнгүй бий. Зарим хэвлэлд өнгөрсөн долоо хоногт “Яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д улсын ерөнхий прокурор оруулна” гэсэн мэдээлэл цацагдаж, тэдний дунд Ганбатын Хосбаяр хэмээх гишүүний нэр, зураг нийтлэгдсэн байв. Тэрбээр бусдад хахууль өгч давуу байдал олгож авсан хэрэгт холбогдон АТГ-аар “үйлчлүүлэгчид”-ийн нэг.
Гэхдээ 2024 онд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр давшиж, сонгуулийн насны 192 239 сонгогчоос 56 612-ынх нь саналыг авч, сонгогдох эрхээ эдлэн парламентын гишүүн болсон юм. Өөрөөр хэлбэл, түүний гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй учраас хууль тогтоох дээд байгууллагад суугаа.
Г.Хосбаяр Өвөрхангай аймгийн уугуул, Богд сумын ерөнхий боловсролын сургуулийг 1999 онд төгсөж, тухайн үеийн Улсын багшийн, одоогийн Боловсролын их сургууль (МУБИС)-д элсэн, 2003 онд дүрслэх урлаг, дизайны багш мэргэжил эзэмшсэн нэгэн. 2003-2007 онд ШУТИС-д компьютер, дизайны багшаар ажиллаж байхдаа МУБИС-даа урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ.
2007 оноос хувийн бизнесээ эхлүүлж, ӨВМТХ компаниа байгуулан төрийн түшээгээр сонгогдтолоо удирдсан байна.
Түүний УИХ-ын гишүүн болох алхам төрөл садангийн ахтай нь ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр Өвөрхангай аймгийн Богд сумд төрсөн ч Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Алтангэрэлийн ойрын хамаатан юм. Магадгүй Г.Хосбаярыг улс төрд оруулах замыг гишүүн асан ах нь засаж, өдгөө ч зааж зааварлаж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
Г.Хосбаяр бусад гишүүний хамтаар Үндэсний их баяр наадмын, Шинжлэх ухаан, технологийн, Нийгмийн даатгалын ерөнхий, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хөдөө аж ахуйн, Дулаан хангамжийн, Төрийн худалдан авах ажиллагааны, Төрийн нууцын зэрэг хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлээд буй. Заримыг нь УИХ батлаад байгаа. Хамгийн сүүлд тэрбээр зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай тогтоолын төсөл санаачлан боловсруулж, иргэдээс санал авч буй юм.
Тэрбээр АТГ-т гаргаж өгдөг хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-тээ өөрийн орлогоо 951 сая төгрөг, нэг тэрбум гаруйгаар үнэлэгдэх орон сууц, гарааш тус бүр хоёр, 715 саяын үнэлгээтэй “Лексус-600”, “Ландкруйзер-300”, тусгай зориулалтын буюу шатахуун тээврийн нэг автомашинтай, 60 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 2.4 тэрбумын хадгаламж, 4.4 тэрбумын авлагатай, “Эрдэнэс Тавантолгой”, ХААН банк, “Хаан кредит” банк бус бус санхүүгийн байгууллага, “Мөнх арц богд”, “Голомт капитал ҮЦК”, “Таванбогд капитал” ХХК-д хувьцаа эзэмшдэгээ дурджээ. Харин түүний үүсгэн байгуулсан ӨВМТХ ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ганбатын Рэнцэндорж болсноор хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ ямар нэг байдлаар дурдаагүй байв. Хэрэв Г.Хосбаярын ойрын төрөл садангийн хүн ӨВМТХ компанийнх нь эцсийн өмчлөгч болсон байгаад тэрбээр ХАСХОМ-тээ дурдаагүй бол хууль зөрчсөн гэсэн үг.
Г.Хосбаярын тухайд АТГ-аар үйлчлүүлэгч гэдгийг эхэнд дурдсан. Түүний эзэмшлийн ӨВМТХ ХХК нь Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах цэнгэлдэх хүрээлэнг есөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих гэрээ байгуулсан ч ажлаа хийгээгүй үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 19-нд Цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ ХХК-ийн захирал Г.Хосбаяртай “Улаанбаатар спорт менежмент” компанийн захирал Х.Тамир байгуулж, түүнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Үүнийхээ хариуд найзынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль Х.Тамир авсан, Г.Хосбаяр өгсөн хэрэгт холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдсан байдаг. Гэвч уг хэрэг нь өнөөг болтол эцэслэн шийдэгдээгүй билээ.
Д.Дайчин