Ажлын байрандаа очих бүрд толгой өвдөж, нүд ядарч, хараа бүрэлздэг үү. Тэгвэл энэ нь зөвхөн ажлын ачаалал, стрессээс шалтгаалдаггүй өрөөний гэрэлтүүлэгтэй ч холбоотой байж болзошгүйг судлаачид анхааруулжээ.
Бидний түгээмэл хэрэглэдэг өдрийн буюу флюресцент гэрэл цахилгаан гүйдлийн хэлбэлзлээс шалтгаалан секундэд хэдэн зуун удаа анивчдаг байна. Хэдийгээр хүний нүд энэ өөрчлөлтийг шууд анзаардаггүй ч гэрлийн хэлбэлзэл харааны ачааллыг нэмж, нүдийг ядраадаг аж. Улмаар толгой өвдөх, хараа бүрэлзэх, дотор муухайрах зэрэг зовуурь илэрч болзошгүй юм. Түүнчлэн энэ нь анхаарал төвлөрөхөд ч саад болдгийг Канадын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төв (CCOHS) онцолжээ. Ялангуяа мигрень өвчтэй, гэрэлд хэт мэдрэг хүмүүс энэ нөлөөнд илүү өртөмтгий байдаг гэнэ.