Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын шинэ тусгай зөвшөөрөл”-ийг 2010.04.20-ны өдрийн 17 цагаас хойш олгохыг хориглолоо.
Энэхүү шийдвэрийг Ашигт малтмалын газрынхан албан ёсоор хүлээн авч энэ сарын 21-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Одоогоор ерөнхийлөгч чухам ямар учраас ийм шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдээлээгүй байна.
Ажиглагчдын таамаглаж байгаагаар манай улсад тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажил хэт хавтгайрч, хяналтгүй болж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүргэж байж болох юм. Нөгөө талаас үүнийг дагасан олон авлигын хэрэгтэй тэмцэх хэлбэр байж ч болох юм гэж үзэж байна.
Ямартай ч ерөнхийлөгч маань хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст хөдөлж эхэлж байгаа бололтой. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удахгүй хэлэлцэж, дараа дараагийн шийдвэрээ гаргах юм байна. Түүнчлэн ирэх долоо хоногт Ашигт малтмалын салбарынхныг нэг дор цуглуулсан томоохон хурал зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Сонирхуулахад манай улсад 2006 онд 964, 2007 онд 691, 2008 онд 1358, 2009 онд 628, 2010 оны 4-р сарын байдлаар 128 ширхэг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгогджээ.
Б.Энх-Уянга mongolnews.mn