Намаа шинэчилж, сонгуулийн үр дүнг хэлэлцэн намын удирдлагаа сольж, дараагийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгоно гэж тэмцсэн МАН-ын залуус намын Бага хурлаа шөнө дөл хүртэл хуралдуулсан ч гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр байж чадах уу гэсэн асуулттай тулгарав. Учир нь “Шинэчлэл” малгайн дор олны анхаарлыг татахуйц сүр дуулиантай эхэлсэн хурлын ирцийг намын Хэвлэлийн албанаас 70 хувьд хүрсэн гэж мэдээлсэн ч хэрэг дээрээ ирц хүрээгүй аж. Нийслэл, орон нутгийн нийт 350 төлөөлөгчтэй Бага хурал хамгийн багадаа 210 хүний бүрэлдэхүүнтэй хуралдах ёстой атал 170 орчим хүн цугларчээ. Ийнхүү ирц, хүрээгүй ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, хурлын ирц, зохион байгуулалтыг хариуцсан Б.Амарсанаа нар төлөөлөгчдийг өвчтэй, чөлөөтэй хэмээн тэмдэглэж, хурлыг эхлүүлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусын аархлыг даржээ. Хурлын ирц хүрэхгүй сандаргаж байгааг Ө.Энхтүвшин дарга мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж энэ талаар ямар нэгэн үг цухуйлгаагүй байна.
Гэвч сонгуулийн дараа гэнэт сэрсэн МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөн дотроо хэд хэд хуваагдаж, МАН-ын нөлөөтэй улстөрчдийн “утсан хүүхэлдэй” болж, тэдний ард МАН-ын даргын тамгыг атгах бололтой С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх зэрэг нөхөд байсан нь Бага хурлын үеэр ил болсон гэнэ. Тус хуралд 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАНын байраар үзэгдэж харагдаагүй, Тусгаар тогтнолын ордноор шагайх нь бүү хэл, сонгуулийн хандив ч өгөөгүй Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарын сонин хачин хүмүүс ирж төлөөлөгчдийн гайхлыг төрүүлж, энэ хардлагыг нотлоод авчээ. “Шинэчилье” хөдөлгөөний залуус юуны өмнө таван сонгуульд дараалан ялагдал хүлээсэн намын удирдлагыг өөрчлөх шаардлага тавиад байсан. Тэгвэл энэ тоглолтын ард МАН-ын том улстөрчид сууж, залуусаа араас нь залуурдсан болж таарч байна. Тэдний бие даасан тоглолтууд хоорондоо мөргөлдөж, хүч нь саарсан тул Бага хурлын өмнөх ням гаригт болсон Удирдах зөвлөлийн хурлаас “Намын даргыг солих эсэхийг энэ удаагийн Бага хурлаар хэлэлцэхгүй” гэсэн шийд гарахад нөлөөлс өн сурагтай. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн учраас МАН Бага хурлаараа шинэчлэлээ ярих нь бүү хэл олигтойхон шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон байж. Энэ хурал тэдний хэнд ч нь ашиггүй. Тиймээс намын шинэчлэл, зохион байгуулалтыг хойш нь татахаасаа тэд татгалзаагүй аж.
Бага хуралд У.Хүрэлсүх ирж оролцоогүй бол хуралд суусан Сү.Батболд, М.Энхболд нар ямар ч байр сууриа илэрхийлээгүй, харин намын экс дарга С.Баяр хурал хойшилж байх үеэр буюу өглөө нь хуралдсан Удирдах зөвлөлийн хурал дээр “Дарга нарын цүнх бариад гүйж явсан залуус шинэчлэл ярихаасаа өмнө бодох ёстой” гэхчилэн цөөнгүй үг хэлээд авсан гэнэ лээ. Бага хурал МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлээр эхэлсэн. Арав гаруй хуудас илтгэлийн дараа төлөөлөгчид нь даргаасаа “МАН-ын УИХ, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдсан уу, луйвардуулчихсан уу. МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс болж сонгуульд ялагдсан. Үүнийг яагаад бага хурал дээр хэлэлцэхгүй байна вэ” гэж асуусан ч Ө.Энхтүвшин тоймтой хариулт өгөхгүй байжээ. Гишүүдийн зүгээс “Эхнэр нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж байгаад шалгуулчих” гэсэн санал хүртэл гарсан гэнэ. Намын дарга энэ асуултад мөн л тоймтой хариу өгөөгүй бөгөөд “Намайг МАН-ын даргаар сонгогдсоноос хойш олигархиуд, авлигачдыг шийтгэхийг нийгэм хүсэж байна гэдэг. Би тэдэнд “Олигархи, авлигач гэдгийг би биш, шүүх тогтооно. Манай намын дүрэм өөрөө хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна” гэж илтгэлдээ дурдсан үгээр хариу барьсан гэж үзсэн бололтой.
Д.ИДЭР
Юутай ч Сү.Батболд зэрэг МАН-ын томчуудын нөлөөн дор болж өнгөрсөн Бага хурлаас МАН-д шинэчлэл хийнэ гэх өнгө төрх харагдсангүй. МАНын нөлөөтэй улстөрчдийн хувийн тоглолт, залуусын шоу хосолсон Бага хурлаас тоймтой нэг л зүйл шийдсэн гэнэ. Энэ нь Их хурлыг ирэх аравдугаар сарын 27-нд хуралдуулах асуудал аж. Мөн тус хурлыг 1134 төлөөлөгчтэй хийхээр болж, МАН-ын төв штаб, УИХ дахь гишүүд, аймаг, нийслэлийн намын хорооны дарга болон дэд дарга нарыг хамруулж, бусад төлөөлөгчийг орон нутгийн анхан шатны намын үүрээс тодруулна гэж тохирсон юм байна. Гэвч залуучууд, Бага хурлын төлөөлөгчдөдөө нөлөөлж, сүр хүчээ үзүүлсэн МАН-ын томчууд намар болох Их хуралд өөрсдийн хүмүүсээ олноор нь багтаахгүй гэсэн баталгаа алга.