Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Мөн тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштай хүлээн авч, шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох, Хонконг руу иргэд харилцан визгүй зорчих хугацаа 14 хоног байгааг 30 болгон сунгахад Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн удирдлагатай ярилцаж дэмжлэг үзүүлэх, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг соёрхон баталж, ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.
Түүнчлэн хоёр улсын боомтод, тухайлбал Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Монгол Улс -БНХАУын “Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги мандлын боомтоор ачаа тээвэр хийж буй автомашинуудаас Хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, уддаг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг мэдээлж, зохих арга хэмжээ авах хүсэлтийг судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.