Саяхан “Зууны шатар” клубт зохиогдсон “Бэрс гарах хүү-2013” тэмцээнд 10 хүртэлх насны 10 хөвгүүд тойргийн журмаар өрсөлдсөнөөс “Мончесс”-ийн шатарчин Ёндонжамцын Эрдэмдалай түрүүлж Сугарын Ган-Эрдэнэ (Оюунлаг сургууль), Цогт-Очирын Тэнгис (Зууны шатар) удаалав.
Дэлхийн цом эхэллээ
Энэ сарын 11-нээс ирэх сарын 3-нд Норвеги улсад явагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд манай гаригийн тив, бүсүүдээс шалгарсан 128 шатарчин тулалдаж байна. Бөхчилсөн журмаар явагдах энэ тэмцээнд “барилдах” эдгээр шатарчныг 2700-гаас дээш чансаатай 38 супер их мастер магнайлжээ. Эхний 2 даваанд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга А.Ушенина (Украин), аварга асан Хоу Ифань (БНХАУ), Ю.Полгар (Унгар) нарын алдартнууд болон Я.Непомнящий (ОХУ), Со Уэсли (Филиппин), Д.Яковенко (ОХУ), П.Леко (Унгар), Ли Чао (БНХАУ) нарын томчууд “өвдөг шороодсон” бөгөөд гурвын даваанд Армений Л.Аронян, ОХУ-ын В.Крамник, С.Карякин, П.Свидлер, А.Грищук, Азербайжаны Т.Ражабов, Ш.Мамедьяров, Вьетнамын Ле Куан Льем, Израилийн Б.Гельфанд, Францын М.Ваше-Лаграв, АНУ-ын Х.Накамура, Г.Камский, Италийн Ф.Каруана, Украины В.Иванчук нарын 32 их мастер хүч үзэж байна.
Даваа бүрийн халз тулаан нь гурван өдөрт багтаж явагдах стандарт 2 өрөг тоглож тэнцсэн тохиолдолд тай-брейкийн шатанд 25 минутын рапидын 2 өрөг, дахиад хайнцвал 10 минутын 2 өрөг, бас шийдэх боломжгүй бол 5 минутын 2 блиц өрөг тоглуулаад эцэст нь “Армагеддон”-оор (цагаан 5, хар 4 минутын хугацаатай блиц нүүж тэнцсэн тохиолдолд хард ялалт өгөх) ялагчийг тодруулах журамтай. Түрүү үзүүрийн буюу сүүлчийн даваанд сонгодог шатраар 4 өрөг тоглох бөгөөд тэнцвэл дээрх журмыг мөрдөнө.
Шинэчилсэн журмаар анх 2005 онд эхлэн зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд Л.Аронян (Армен) түрүүлсэн бол 2007 онд Г.Камский (АНУ), Б.Гельфанд (Израиль, 2009), П.Свидлер (ОХУ, 2011) нар цомын эзнээр тодорч байсан билээ.
Л.ТОГООХҮҮ