Нийслэлд энэ сарын 19-ний шөнө ширүүн бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн Зайсан толгой орчимд хоёр удаа аянга хүчтэй буужээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс аянганы улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэхийг тодрууллаа.
-Хүний амь нас эрсдэх болон ямар нэгэн хохирол учирсан талаар иргэдээс мэдээлэл ирээгүй. Харин аянганаас урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх дүүргийн XI хороо, Зайсан толгой орчмын хэрэглэгчдийн цахилгааныг “Улаанбаатар ЦТС” ТӨК-ийн Зүүн түгээх төв өөс 00.40-06.00 цагийн хооронд хязгаарласан.
-Нийслэл хотын барилга, байшингуудад аянга зайлуулагч шугам, газардуулагч байдаг уу?
-ШТС болон шинээр баригдсан барилгуудад аянга зайлуулагч шугам, газардуулагч норм дүрмийнхээ дагуу суурилагдсан. Харин хуучны орон сууцны барилгуудад аянга зайлуулагч шугам байдаг ч газардуулагч нь байдаггүй. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа хэлтсүүдэд аянга зайлуулагч шугам, газардуулагчтай орон сууцнуудын судалгаа гаргах үүрэг өгсөн. Ер нь айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд аянга зайлуулагч шугамтай байх хэрэгтэй гэв.
Он гарсаар нийслэл болон орон нутагт нийт 17 удаа аянга буужээ. Үүний улмаас зургаан хүн эндэж, нэг хүн бэртсэнээс гадна 500 орчим толгой мал хорогдсон байна. Аянга буух үед радио, телевиз, гар утас зэргийг унтраах, автомашинд сууж байгаа тохиолдолд цонхоо заавал хааж, цонхноос нь зайдуу суух хэрэгтэй гэнэ. Аянганд цохиулсан хүнийг нойтон шороо, чийгтэй нөмрөгөөр хучих нь тустай байдаг аж.
Т.Буянаа