УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-6-нд хийхээр товлож байсан ч хугацааг нь арав гаруй хоногоор хойшлуулж, 16-нд хуралдуулахаар албан ёсны тов гарсан талаар УИХ-ын зарим гишүүн өчигдөр “Твиттер” хуудсандаа жиргэжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн НХХАХ-ийн сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар “УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 16-нд хуралдахаар тов зарлагдсан байна. Үргэлжлээд ээлжит чуулган хуралдана” гэж бичжээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхнаас энэ талаар тодруулахад “Албан ёсны захирамж гараагүй байгаа. Мэдээлэл алга байна” гэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уржигдар ийм мэдээлэл өгсөн тухай зарим хэвлэлд гарчээ. Тэгэхээр ээлжит бус чуулганы тов ямартай ч хойшлогдсон бололтой.
Уг чуулганаар Засгийн газраас өргөн барихаар боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж буй гэнэ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээний талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ажээ.
М.Тэргэл