М.Алтанхуяг үүрэгт албанаасаа “сайн дураараа” бууснаас хойш дөрөв хоног өнгөрлөө. Үйл явдал харин ч шуурхай өрнөж байх шиг. Монгол Улсын Ерөнхий прокуророос М.Алтанхуягийг чөлөөлснийхөө маргааш өдөр нь л Ц.Элбэгдорж Д.Дорлигжавыг оронд нь санал болголоо.
Өмнө нь Монгол Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын албыг тус тус хашиж явсан энэ эрхэм эдүгээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тэргүүлж байна.
Харин одоо мань эр Улсын Ерөнхий прокурорын албанд томилогдож чадах болов уу?
Түүнд туршлага бий. Гэвч томилогдох боломжийн тухайд хэцүүхэн даваа түүнийг хүлээж байгаа.
Нэг яам ч юм уу, аж ахуйн нэгжийг тэрбээр өлхөн аваад явчихаж дөнгөх ч Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд хэн дуртай нэгнийг аваачаад тавьчихаж болдоггүйг хуулинд тусгайлан заагаад өгчихсөн гачлан буй. Ц.Элбэгдорж дэмжлээ гээд бүх зүйл “окей” болчихгүй л дээ. УИХ дээр Д.Дорлигжав унаж мэдэх. 2002 онд батлагдсан Прокурорын тухай хуулийн 39.3-т “Монгол Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор 35 нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан, мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан ял шийтгэлгүй, ёс зүйн зөрчилгүй Монгол Улсын иргэнийг томилно” гэсэн заалт бий. Хуулиа яс мөрдөх аваас Д.Дорлигжавт “шаанс” алга. Яагаад гэвэл нэгдүгээрт, мань хүн мэргэжлийн хуульч яг мөн үү гэдэг эргэлзээтэй. Тэрбээр малын эмч нэгэн. Хожим хоёр жилийн эчнээ сургалтаар хуульч болсон гэх авч Монголын маш чадварлаг мянга, мянган мэргэжлийн хуульчдын энд тэнцэх нь юу л бол. Тэгээд ч хуулинд заасанчлан мэргэжлийн сонгон шалгаруулалтад ороогүй яваа хүн. Хоёрдугаарт, мөн хуулинд тодорхой заасан хуулийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх гэсэн заалт Д.Дорлигжавын хувьд зөрчилдөх болж байна. Цэргийн прокурорт нэг хоёр жил ажилласныг нь л эс тооцох юм бол шүү дээ. Тэрбээр энэ шалгуураар хасагдаж таарах нь.
Гуравдугаарт, ёс зүйн асуудалгүй байх ёстой гэх шалгуурт мөн л нэлээд ээрэгдэх байх даа. Учир нь “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 800 мянган доллар хувьдаа завшсан гэх үнэн худал нь тодорхойгүй дуулианд нэр алдраа “цоллуулж” явсан удаа бий. Одоо ч энэ асуудал үе үе сөхөгддөг хэвээр байгааг УИХ-ын шүүлтээр ороход нь сануулах хүн мундахгүй биз ээ.
Дээр нь улстөржиж, намчирхахгүй, хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг хамгийн гол шалгуурт Д.Дорлигжавыг тохирно гэж батлахаасаа үгүйсгэх уур амьсгал нийгэмд давамгайлж байгаа нь түүнд Монгол Улсын прокурорын байгууллагыг тэргүүлэх боломж тун бага гэж хэлэхэд хүргэж байна.
Ш.АЛТАЙ
![]()