Үлгэрт заримдаа итгэх хэрэгтэй. Эртний домгийг энэ цагт эдүгээчилж яагаад болохгүй гэж. Үүлтэй тэнгэрийн доогуурхан шиг, үзүүртэй моддын дээгүүрхэн шиг дээлийн хормойгоо дэрвүүлэнхэн нисээд л, нисээд л… Барын сүүл ч, батганын толгой ч болж чадахгүй байгаа Монгол Улсаа хорвоогийн он тооллыг хэдэн арван жилээр ч хамаагүй товчлон хөгжүүлэх бодлого хэрэгжихээр гараанаасаа хөдөлсөн. Үсрэнгүй хөгжилд сэтгэл яаруулсан хоёр жил өнгөрч байна. УИХ-ын 2008 оны сонгуульд ялсан МАХНын лидер эх орноо Сингапур, Өмнөд Солонгосын хөгжилд хоромхон зуур хүргэхийг амласан билээ. Үүгээрээ АНын хорхойг ч хөдөлгөж чадсан. Монгол ардын үлгэрийн оргил хэсгийг амьдрал дээр давтахын тулд стандарт бус шийдвэрээр МАХН, АН хамтран Засгийн газар байгуулснаар “Үсрэнгүй хөгжлийн” гараа эхэлсэн. Тэгээд л бид итгэчихсэн. Монголчууд үлгэрт гардаг Боролдой хүү шигээ үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй моддын дээгүүр хамуутай хар даагаа унаад дүүлэн нисэж чадна хэмээн бодитойгоор мөрөөддөг болсон. Гэвч “сайн зүйлд садаа мундахгүй” гэгчээр хамтарсан Засгийн газрын “нислэгийг” саатуулах үйл явдлууд улс төрийн өртөө бүрт буудаллаж эхэллээ.

МАХН, АН-Д ХАМТ БАЙХ ШААРДЛАГА ҮЛДСЭН ҮҮ?
Ингэж асуух цаг ойртож байна. С.Баяр 2008 оны сонгуулийн дараа МАХН, АН-тай хамтарч байж л гүйцэтгэх учиртай олон ажлыг нэрлэхдээ Оюутолгой, Тавантолгойн орд ыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэн бүрт Эх орны хишиг олгох тухай сонгуулийн амлалтуудаа онцолж байв. Хамтарсан Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-ны билэгт сайн өдөр Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг хэсэгчлэн олгож эхэллээ. УИХ энэ хаврын чуулганы хугацаанд багтаан Тавантолгойн хөрөнгө оруулагчийг амжиж сонгох ёстой. Улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хүчнүүд Засгийн газарт хамтарсны гавьяа гарчээ. Ажил нь энэ мэт урагшилсан байна. “Цаашид яах вэ” гэсэн асуулт МАХН, АН-ын дотоодод тод сонсогдох болжээ. “Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ. Хагацахгүй, салахгүй”. Асуултын ийм хариуг энэ оны дөрөвдүгээр сард МАХН-ын ээлжит Бага хурлаас албан ёсоор зарласан бөгөөд тэдний араас шил даран хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо ч ижил хариу хэлсэн билээ. УИХ-ын 2012 оны сонгууль хүртэлх хоёр жил хүрэхгүй хугацаанд салж нийлж байх зав байхгүй гэсэн ажил хэрэгч мессеж улс төрийн зорилтот бай болох ард түмэнд түгэв. Гэвч өөр өнцөг, өөр бодлууд МАХН-д ч, АН-д ч бодитой оршсоор байна. Өнөөдрийн хамтрагч МАХН, АН 2012 оны сонгуульд нэгдэж орох гүйгээс хойш өрсөлдөөний талбарт халз тулах нь ойлгомжтой. Сонгуулийн дүрэм харгис хойно улс төр хэрхэхийг эртнээс санаж сэрэгсэд байж л таарна. Сайд нарын танхимын дүрэмд захирагддаггүй хэсгийг бүрдүүлэгч МАХН-ын жигүүр болон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нөхөд, АН дахь Ардчилсан хүчний холбоо тус тусын намын шийдвэрийг гэнэнд тооцож, хамтарсан засгийг шоолж сууна. Тавантолгойн асуудлыг шийдмэгцээ өөр өөрсдийн зам мөрийг хөөх зураглалыг тэд санал болгож буй гэх.
“МОНГОЛ 999+” ГЭДЭГ УЛС ТӨРИЙН ХҮЧИН
УИХ-ын сонгуулийн саналын хуудаснаас Та энэ намыг хайгаад олохгүй. “Монгол 999+” компанийг улс төрийн нам гэж гөрдөх гэсэндээ энэ хэсэгт таны анхаарлыг хандуулж байгаа ч юм биш. Гэхдээ үндэсний нэгдлийн илэрхийлэл болон танигдаж буй энэ нэр улс төрд дэндүү ойр хү- чин болсныг улс төр сонирхогчид анзаарахад илүүдэхгүй. Хамтарсан Засгийн газар огцрох эсэх “Монгол 999+” компаниас шалтгаалах нөхцөл бүрэлдсэн тухай мэдээлэл байна. Тавантолгойн ордын лицензийг горилж буй үндэсний бизнес эрхлэгчдийн нэгдэлд нэг сая төгрөг тушаан элсэж орсон 1500 гаруй аж ахуйн нэгжийн эздийн дотор МАХН, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрс олон сонсогдож байна. Нэрсийн жагсаалт хараахан бүрэн бус байгаа тул энд эс нэрэлье, гэхдээ УИХ-ын гишүүдийн өмчлөлд байдаг аж ахуйн нэгжүүд 999-т бүртгүүлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайд С.Батболдын удирдсан хамтарсан Засгийн газар үндэсний хөрөнгө оруулагчдаа “хулхидах” эрхг үй шалаанд орсон ч байж магадгүй. 999-ийн төлөөлөл УИХ-ын хэдэн хувийг бүрдүүлж байгаа нь судалж үзүүштэй сонин статистик. Эрхэм гишүүд өөрсдийнхөө нэрээр эс оролцов гэхэд лобби бүлгээр Тавантолгойн бизнест ашиг сонирхлоо уях нь гарцаагүй. Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Тавантолгойд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийн төсөл тус ордыг хэсэгчлэн хувааж, нэгээс олон консорциум нэгэн зэрэг сонгогдох боломжийг нээлттэй үлдээсэн байх юм. Энэ нь хамтарсан Засгийн газраа хадгалан авч үлдэх гэсэн Ерөнхий сайдын шийдэл байх талтай. Үндэсний консорциумыг Тавантолгойн ордод дангаар нь сонгох боломж үнэндээ бол хэцүү. Ордыг хэд хувааж байж, нэгээхэн хэсэгт нь тэднийгээ өрсөл дөгчгүй оруулах замаар эх орон нэгт нүүдийнхээ хэл амнаас зайлсхийж болох юм.
АХ НАМ АМИА БОДОВ
МАХН-ын “Ард түмнээ сонсох аян” үргэлжилж байна. Тэд их олуулаа, УИХын гишүүдээ, сайд нараа дагуулаад нүсэр бүрэлдэхүүнээр орон нутгийг зорьцгоов. Энэ аяныг хаанаас нь ч харсан 2012 оны сонгуулийн бэлтгэл юм билээ. Хамтарсан Засгийн газрын хийж гүйцээсэн болоод хийхээр төлөвлөсөн бүхий л ажлыг “Бид хийж байна” хэмээн МАХН Монгол даяар сонгогчдод зарлаж явна. Овсгоотой байна. МАХН Эх орны хишгээ тоо ёсоор нь буюу 1.5 сая төгрөг өгч эхэлсэн байхад АН-ын амласан Эрдэнийн хувь сураггүй. Хувьцаа тараана гэсэн нь ч яалаа. Үнэндээ бол хэрэгжсэн хийгээд хэрэгжих ажил бүхний автораар МАХН өөрийгөө нүүр бардам нэрлэж чадна. Ах намын овсгоо АН-ынхны дур гүйг ид хүргэж байна. “МАХН зөвхөн өөрсдийнхөө нэрийг сурталчилж байгаа нь угтаа хамтарсан Засгийн газрын эсрэг үзэл санааг дэлгэрүүлсэнтэй адил” хэмээн АН уурлах боллоо. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хөдөөгүүр намаа сурталчлах аянд адилхан мордсон ч МАХН-ын олны дэргэд ганцаардаж яваа. Тэрбээр хамтарсан Засгийн газрын ажлыг тайлагнах гэж бус, намынхаа томилолтоор ажилладгаас гадна овсгоо нь сох дутаж байгааг анзаарч буй хүн цөөнгүй байгаа. Үсрэнгүй хөгжлийн төлөө Засгийн газрын бүрэлдэхүүнд нэгдсэн МАХН, АН-ын хамтарсан нислэг улс төрийн сонгуулийн өмнө адармаатай боллоо. Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр хорвоогийн цаг тооллыг товчлон нисэх Монголын бодлогыг улстөрчид өөрсдөө улст өржүүлж байх шиг.