ҮШН-ын Бүгд хурал өнгөрсөн баасан гаригт болж, ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгожээ. Тус намын генсекээр дөрвөн жил орчим ажилласан Б.Цогтгэрэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг манай сонин тухайн үед нь мэдээлж байсан. Тэрбээр олон нийтийн байгууллага, бизнесийн ажлаа “хөөхөөр” албан тушаалаасаа чөлөө хүссэн юм. Тэгвэл түүний оронд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг Бүгд хурлын гишүүдийн 100 хувийн саналаар сонгосон юм байна. Мөн дээрх хурлаар ҮШН-ын дэд даргаар Сангийн дэд сайд асан Н.Батцэрэгийг сонгосон аж. Тус намын Бүгд хурал 41 гишүүнтэй, баасан гаригт болсон хуралдаанд тэдний 70 хувь нь оролцжээ. Энэ талаар ҮШН-ын шинэхэн генсек Г.Уянгаас тодрууллаа.
-ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэе. Таныг НН-ын гишүүн байсныг мэднэ. Хэзээ ҮШН-нд элсчихэв ээ?
-Дөрөвдүгээр сарын 5-ны Амлалт нэхэх ард түмний холбооноос зохион байгуулсан арга хэмжээний дараа л НН-аас гарч ҮШН-нд элссэн.
-Тухайн үед энэ хөдөлгөөний ард ҮШН-ын дарга асан М.Энхсайхан бий гэж мэдээлж байлаа. Одоо Та ҮШН-д элсэж, генсек нь болчихоор энэ хардлага үнэн байсныг батлах юм биш үү? Өөрөөр хэлбэл, түүний төлөө ажилласныхаа хариуд ийм албан тушаалаар “шагнууллаа” гэх хардлага төрөх байх даа…
-Угаасаа л хардлага гаарна л даа. Тэр жагсаалыг зохион байгуулж явахад ч хардаж байсан, одоо ҮШН-нд элссэн учир энэ нь бүр л нэмэгдэх байх. Гэхдээ үндэсний үзлийг төрийн бодлого болгох үзэл баримтлалыг би дэмждэг учраас л ҮШНыг сонгосон юм.
-ҮШН-ын зүгээс Танд санал тавьсан уу?
-Тиймээ, генсек болооч гэдэг санал ҮШН-аас надад тавьсан. Манай холбоонд тусдаа нам байгуулах боломж байсан л даа. Тэгээд холбооны бүх гишүүний хурал зарлаж, хоёр өдрийн турш энэ талаар хэлэлцсэн. Ингээд санаа, зорилго нэгтэй учир бид хүчээ нэгтгэж, хамтарч ажиллах нь зөв гэж шийдээд би ҮШН-нд элссэн. Хүчээ нэгтгээд үргэлжлүүлэн тэмцэх нь зөв гэж бид үзсэн. Өнөөдөр бид хэвлэлийн хурал хийж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлнэ.
С.Уул