УИХ-ын гишүүд байсхийгээд Засгийн газарт асуулга тавьдаг ч үр дүн өгөх нь тун бага. Өнгөрсөн сарын 27-ноос эхлэн орон нутгийн иргэдийн олонх нь телевизийн нэвтрүүлэг үзэж чадахаа больж эхэлжээ. Өмнө нь ашиглаж байсан “Си” зурвасаас “Кей” зурваст шилжсэнтэй холбоотойгоор ийм байдал үүссэн аж. Малчдын дийлэнх нь “Си” зурвас ашиглан ТВ үздэг байж. “Кей” гэгч зурвасаар мэдээлэл хүлээж авах болохоор шинээр антенн худалдаж авах шаардлагатай болсон гэнэ. Энэ нь тэднийг бухимдуулж орон нутгаас сонгогдсон гишүүддээ гомдол мэдүүлэх болсон юм байх.
“Кей” зурвас хүлээн авагч антенн нь 200 гаруй мянган төгрөгийн өртөгтэй аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга тавиад байж. Асуулгын хариуг С.Бямбацогтод ирүүлжээ. Зурвас солигдсонтой холбоо тойгоор малчид шинэ антенн худалдаж авах шаардлагагүй юм байна. Харин 24 мянган төгрөгөөр нэмэлт төхөөрөмж суурилуулах боломжтой гэнэ. Малчдад энэ мэдээллийг шуурхай хүргэх талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг өгөх гэж буй гэнэ. Тэгэхгүй бол мэдээлэл дутмаг малчид хохирох магадлалтай. Дамжуулах зурвас солигдсоноор 60 гаруй мянган малчин өрх мэдээлэл хүлээж авах боломжгүй болжээ.
Г.ЭНХ