Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх таван ч асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар э ярьжээ. УИХд өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах олон төслийн нэг үүнд багтсан байна. Байгалийн баялгийн нөөцийн төлбөрөөс олох орлогын 20 хувийг тухайн аймаг, 10 хувийг суманд олгох заалт хэрэгжихгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн аж. Ашигт малтмалын тухай хуулийн “Энэ орлого нь хуваарилсан төсвөөс илүү гарахгүй” гэсэн заалт зөрчил үүсгэжээ. Тиймээс байгалийн баялгийн нөөцийн төлбөрийг аймгийн орлогоос тусдаа байлгахаар хуулийн төсөлд тусгасан гэнэ. АН-ын бүлэг төслийг дэмжжээ. Мөн Тагнуулын байгууллагын тухай багц хуулийг ТЕГ-ын удирдлагыг байлцуулан хаалттай хэлэлцлээ. Уг хуулийг өөрчлөх гэж буйтай холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон аж. Гэтэл багц хуулиас гагцхүү Банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ АН-ын бүлэг илэрхийлжээ. АН-ын бүлгийн даргаас сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй. Үүний оронд Хүний хөгжил сангаас иргэн бүртээ сар бүр мөнгө олгох санал гаргасан. Үүнийг танай Бүлэг юу гэж үзэж байна вэ?
-Хүний хөгжил сангаас олгож буй мөнгө хүүхдийн мөнгөний үр дүнг гүйцэхгүй. Хүүхдээр дамжуулан өрх бүрийг дэмжсэн нь улсын хэмжээний чухал асуудал. Засгийн газрын байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд тодорхойлоод “Хүүхдийн мөнгө гэсэн асуудал байхгүй” гэж хэлснийг ойлгохгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд энэ талаар байр сууриа илэрхийлэх ёстой. Хүүхдийн мөнгийг долдугаар, эсвэл есдүгээр сарын 1- нээс олгох ёстой гэдэг байр суурин дээрээ АН хэвээр байгаа. Хэрэв эх үүсвэрийг нь төсвийн тодотголд тусгаж өгөхгүй бол түүнийг батлахад хэцүү болно гэдгийг хатуу сануулж байна. Улстөржилгүйгээр үүнийг шийдэх ёстой.
-Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлаад удаагүй байхад дахин өөрчлөх нь зохисгүй, хэрэгжих тогтвортой нөхцөлийг хангах ёстой гэж Ц.Нямдорж сайд мэдэгдсэн.
-Хуулийн тогтвортой байдал чухал. Гэхдээ хүүхдийн мөнгөний асуудал үүнээс чухал.
С.Туул