УИХ-ын нэгэн удаагийн чуулган ажлын 50-иас доошгүй өдөр хуралдаж байхаар Үндсэн хуульд заасан байдаг. Гэхдээ манай гишүүд төлөвлөгөөнөөс гадуур буюу “сандал суудал” гэх мэтийг тойрон маргасаар чуулганы хуралдах хугацааг нэлээд сунгадаг зуршилтай. Энэ удаагийн хаврын чуулганыг ирэх сарын 5-нд завсарлуулахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдсэн. Гэтэл хэлэлцэж батлах ёстой асуудал нь “овоорч” байдаг. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 5-нд завсарлаж амжих уу?
-Амжуулахаар УИХ, Байнгын хороод ажлаа зохион байгуулж байна. Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Тавантолгойн асуудал, УИХ-ын тухай багц хууль гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байгаа. Том том хуулиуд тунаж үлдсэн гэсэн үг. Долдугаар сарын 5 хүртэл хугацаа бага учир УИХ шахуу ажиллах шаардлагатай байна.
-Энэ чуулганаар Тавантолгойн асуудлыг эцэслэн шийдэхийн тулд Сонгуулийн тухай зэрэг зарим хуулийг намрын чуулган руу шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэчнээн асуудлыг ингэж хойшлуулах гэж байна вэ?
-Одоогоор ямар нэг хуулийг намрын чуулган руу шилжүүлэх тухай албан ёсны шийдвэр гараагүй. Төлөвлөснөө аль болох хэлэлцэж дуусгахын төлөө ажиллаж байгаа. Тавантолгой, Сонгуулийн тухай хуулийн аль алиныг хаврын чуулганаар батлах ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай төслийг өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч өргөн барьсан. Уг асуудлыг энэ чуулганаар шийдэхийг хүссэн. Тэгэхээр бас нэг чухал асуудал нэмэгдлээ гэсэн үг.
-Төлөвлөсөн хугацаандаа асуудлуудаа хэлэлцэж амжихгүй бол чуулганы хуралдах хугацааг сунгах л байх даа? -Төлөвлөсөн хугацаандаа завсарлачихаасай гэж би бодож байна. Жил бүрийн хаврын чуулган сунжирдаг. Үүнээс шалтгаалаад гишүүдийн тойрогтоо ажиллах, амрах хугацаа багасдаг. Энэ хаврын чуулган ачаалал ихтэй байгаа.
Их ажлын дараа гишүүд амрах нь зүйтэй. УИХ өөрөө ажлаа сайн зохион байгуулж, цагтаа эхэлж, дуусах хэрэгтэй. Зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал тунаад үлдчихвэл ирэх сарын 5-наас цааш асуудал хэрхэн шийдэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй.
С.Уул