Манай оронд суугаа зарим орны Элчин сайд Төрийн ордонд өчигдөр зочлов. Монголтой эртнээс холбогдсон хүн тэдний дунд байв. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргасан зүтгэлийг нь үнэлж ноён Жан Поль Дюмоныг “Найрамдал” медалиар шагнав
Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиох
юм байна. Ж.П.Дюмон Дорно дахины хэл шинжлэлээр мэргэшсэн, гадаад хэргийн тэргүүн зэргийн зөвлөх цолтой эрхэм. Мэргэжлийн дипломатчийн замналаа 1971-1975 онд Улаанбаатар дахь Францын Элчин сайдын яаманд ажилласнаар эхэлжээ. Түүнээс хойш улсынхаа Гадаад хэргийн яам болон АНУ, Вьетнам, Бразил, Бельги, Алжир зэрэг оронд ажиллаж байгаад өнгөрсөн жил Монголд Элчин сайдаар ажиллахаар томилогджээ.
Англи, орос, хятад, португали, вьетнам хэлтэй. Вьетнамаас Монголд суух Элчин сайдаар томилогдсон Хоанг Туан Тхинь Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуухаа өргөн барилаа. Тэрбээр МУИС, ХААИС-д суралцаж байсан бөгөөд монголоор чөлөөтэй ярихаас гадна орос, англи, солонгос хэлтэй юм билээ. Москвагийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Хүнд бэрх цагт хоёр улсын ард түмэн харилцан тусалж, хамтран ажиллаж, бие биеэ таньж мэдсэн хагас зууныг хамтдаа туулсан нь харилцааны гол ололт мөн. АСЕАН-тай хамтран ажиллах гүүр болж, АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын оролцоог бий болгоход Вьетнам улс цаашид ч дэмжинэ гэдэгт итгэж буйгаа Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцолжээ.
Энэтхэгээс суугаа Элчин сайд Сатбир Сингхийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг мөн өдөр хүлээн авч уулзсан байна. Мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь “оюун санааны хөрш” Монгол, Энэтхэгийн уламжлалт харилцааг хөгжүүлэхэд том алхам болно гэдэгт итгэж байдгаа Тэргүүн шадар сайд уулзалтын үеэр тэмдэглэжээ.
Э.ТӨР