УИХ дахь МАХН-ын бүлгийн байр суурийг дэд дарга Д.Дондогоос нь тодрууллаа.
-Төсвийн тодотголыг хэлэлцээд ерөнхийдөө жигдэрч, зөвшилцөж байна. Хоёр бүлэг, Төсвийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгүүд нэлээд хэд уулзаж, цаг зарсан. Гэтэл АН-ынхан завсарлага авчихлаа. Тиймээс манай бүлгээс АН-ынхантай, Засгийн газрын хэмжээнд дахин ярих байх. Засгийн газар “Хүүхдийн мөнгийг тусгайлан олгох боломжгүй” гэж үзсэн. Манай намын Бүлгээр төсвийн тодотгол ярих үед хүүхдийн мөнгийг ярьсан.
Айл өрх, гэр бүлд энэ мөнгө их тус дэм болж байжээ. Тиймээс Хүний хөгжил сангаас олгодог мөнгөө бөөнд нь биш сар бүр өгөх нь зөв юм байна гэж үзсэн. Сүүлийн хагас жилд үлдсэн 50.000 төгрөгөө сар бүр 10.000 төгрөгөөр хувааж олгоё.
Ирэх жилээс 2012 оны хагас жил хүртэл сард 20.000 төгрөг өгье гээд манай Бүлэг дээр тохирсон. Хүний хөгжил сангаас бүх иргэнд мөнгө өгье гээд тодорхой халамжийг үгүй болгоод удаагүй байна. Мөн эдийн засгийн өсөлт, инфляц нэмэгдэнэ. Олон улсын байгууллагаас ДНБд
эзлэх алдагдлыг таван хувиас илүүгүй, хөрөнгө оруулалтыг 150 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй
гэх мэт шаардлага тавьсан. Сар бүр хүүхдэд 20.000 төгрөг өгнө гэхээр энэ шаардлагаас давж,
эдийн засгийн нөхцөл хүндэрнэ.
Харин Хүний хөгжил сангийн хишгийг сар бүр олгосноор зөвхөн хүүхэд биш насанд хүрсэн хүмүүс нь ч мөнгө авна. Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхөд тодорхой мөнгө өгнө. Энэ мэт асуудлууд байгаа учир дээрх
байдлаар шийдье гэсэн.
-Хүүхдийн мөнгийг сар бүр олгох эх үүсвэр бий юү?
-АН эх үүсвэр байгаа л гэсэн. Гэхдээ 2010 оны төсөв батлахад эргэн төлөглөх нөхцөлөөр хийх
ажлуудын тодорхой хэсгийг хойшлуулж, 150 тэрбум төгрөгтөө багтаахаар ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтаа бүгдийг зогсоож байгаад хүүхдийн мөнгө өгнө гэхгүй л бол боломжгүй. Огт өгөхгүй гэж бид зүтгээгүй, эдийн засгийн боломжгүй байгаа юм.
-Төсвийн тодотгол дээр ерөнхийдөө зөвшилцсөн гэлээ. Орлого, зарлагын хэмжээ яаж
өөрчлөгдсөн бэ. Төрийн албан хаагчийн орон тоог 7000-аар цөөлж, 30 тэрбум төгрөг
хэмнэх саналыг танай Бүлэг хойшлуулсан шүү дээ?
-Хоёр Бүлэг, Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийнхэн Сангийн яамныхантай байнга
хуралдаж байгаа. Өчигдөр сүүлийн хурлаа хийгээд ойлголцсон. УИХ-аас байгуулсан, Ч.Улааны ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг хоёр бүлэг хэлэлцсэн. 7000 орон тоо цөөлөх тухайд Засгийн газар бүтэц, орон тооны асуудлыг оруулж ирэх ёстой, УИХ шууд орон тоо хас гэж заах нь боломжгүй гээд захиргааны зардлыг найман тэрбум төгрөгөөр хорогдуулаач гэсэн санал тавьсан.
Засгийн газар өчигдөр 6.3 тэрбум төгрөгөөр зардлыг хасахаар боллоо. Найман тэрбум гэхээр
багш, эмч нар хамрагдаад байгаа учир тэднийг хассан. Намар 2011 оны төсөвт бүтцийн өөрчлөлтийг тусгаж өргөн барь гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Уяад байвал тодотгол түвэгтэй болно, тиймээс одоо зөвшилцөх байх.