Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нар өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Ирэх сарын 1-нээс эхлэн 18 хүртэлх насны хүүхэд бүрт сард 20.000 төгрөг олгох тухай тэдний төсөлд тусгасан юм. Өмнө нь Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байсан төслийг өчигдөр албан ёсоор өргөн барьсан нь энэ.
Засгийн газар хүүхдэд тусгайлан мөнгө олгох боломжгүй, үүний оронд Хүний хөгжил сангаас иргэн бүрт өгч буй хишгийг сар сард нь олгоё гэсэн санал өгсөн билээ. Төсөл санаачлагч гишүүдээс зарим зүйл тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг тусгайлан олгохын оронд Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох хишгээ сар тутам өгье гэсэн Засгийн газрын саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
Д.Оюунхорол: -Хүүхдийн мөнгө тэдний эрх ашгийг хамгаалахад зориулагдсан байсан. Үүнийг сэргээж өгөхдөө улсын төсөвтэй уялдуулах, хэзээнээс хэдэн төгрөг олгох талаар Засгийн газрын саналыг эхлээд сонссон. Монгол хүн бүр хөгжлийн төвд байх ёстой учир уг мөнгийг дээрх сантай уялдуулж болзошгүй. Хэлэлцүүлгийн явцад ярих байх.
-Уг мөнгийг олгох эх үүсвэрийн талаарх тооцоо төсөлд байгаагүй гэсэн…
Н.Батбаяр: -Монгол Улсын 18 нас хүртэлх хүүхэд бүрт сарын 20.000 төгрөгийг ирэх сарын 1-нээс олгоё гэсэн юм. Төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх.
Ингэж мөнгө олгоход энэ жилийн тухайд 120 тэрбум, ирэх жилд 240 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг төсвөөс гаргах боломжтой. Төсвийн тодотголоор орлого, зарлага дээр 360 орчим тэрбум төгрөгийг нэмж байгаа. Үүний 120 тэрбум төгрөгийг хүүхдүүддээ зориулъя.
Р.Гончигдорж: -Асуудал мөнгөний тооцоонд биш нийгэмд байгаа шаардлага юм. Хүүхдээр дамжуулж өрх гэрийг дэмжих бодлогын хүрээнд сар бүр ийм тэтгэмж өгдөг
байсан. Өрхийн байнгын эх үүсвэр болсон. Тиймээс сар бүр хүүхдэд 20.000 төгрөг өгөх нь үр ашигтай шийдвэр. Иргэд 70.000 төгрөгөөр нэг удаа л нэг зүйл авдаг, байнгын орлого байж чадахгүй. Харин ч зардал бий болгох хэрэглээ болж байна. Тиймээс сар бүр олгох нь чухал юм. Эдийн засгийн өсөлтөөс хүүхдүүд хүртэх нь зүйтэй. Хүний хөгжил сан, төсөв, намуудын амлалттай хэрхэн уях зэрэг нь нэг их хүндрэлтэй асуудал биш.
С.УУЛ