Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов.
Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаснаас хойш банкууд хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болсон байна. Банкны дийлэнх хөрөнгийг төр батлан дааж байгаа учир банкууд эрсдлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай болжээ.
Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж байгаа бөгөөд энэ нь банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад ч сөргөөр нөлөөлж байна.
Тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанд хамруулан тооцож байгаа. Энэ нь төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл авсан харилцагчид зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх боломжийг ч нэмэгдүүлж байна.
Иймд төрөөс батлан даах хөрөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтуудыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон гэж Засгийн газар үзлээ.
Түүнчлэн төрийн баталгаанд хамрагдаж байгаа харилцах, хадгаламжийн үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын тусгай дансанд төвлөрүүлэхээр зохицуулснаар сонгодог хэлбэрийн хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Энэ нь банкны системд хүндрэл үүсэхэд төр, улсын зүгээс төсвөөс зарцуулах хөрөнгийн зардлыг бууруулах ихээхэн ач холбогдолтой юм.