Сүхбаатарын талбайн зүүн хэсэгт байрладаг “Шангрила”-гийн 17 дахь давхар уржигдар орой хөл хөдөлгөөн ихтэй өнжжээ. Тэнд цугласан хүмүүс бүгд улстөрч байв.
Олны танил цөөн бизнесмэн, бас бус үл мэдэх компанийн захирлууд ч уригдсан бололтой. Үнэтэй, том “ланд”, “хаммер” хөлөглөсөн олны танил эрхмүүдийг хараад тэр хавийн хүмүүс ихэд сонирхжээ. Зарим нь энд эд хор найруулахаар цугласан байж таарна гэцгээж байв.
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Батбаяр, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү,”Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нар олны өмнө хамтдаа харагдсан нь ийм харыг эрхгүй төрүүлсэн бололтой юм билээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, АН-ын шинээр барих байрны хандив цуглуулах ажиллагаа болсон. УИХын нэг гишүүнийг гурван компани хариуцаж хандив цуглуулахыг намаас үүрэг болгосон гэж ярив.
Г.Энх