Монголын сэтгүүлчдийн эвлэл (МСЭ) ээлжит XVI их хурлаа нэгдүгээр сарын 30-нд хийж, хамгийн эхэнд нь ерөнхийлөгч Б.Галааридын ажлын тайланг сонслоо. Тэрээр гурван жил 20 хоног ажиллахдаа Монголын сэтгүүл зүйн анхдагчдыг анх удаа батламжилж, МСЭ-ийн 1988-2011 оны бичиг баримтуудыг цэгцлэн, Архивын ерөнхий газарт хадгалуулж, цахим архив бүрдүүлжээ. Энэ хугацаанд Хөвсгөлийн “Скай”, ТВ8, SBN телевизэд халдсан, amjilt.com сайтыг хаасан, infi.mn сайтын ерөнхий эрхлэгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэт сэтгүүлчдийн эрх ашгийг хөндсөн асуудалд сэтгүүлчдээ хамгаалах чиглэлээр ажиллажээ. Мөн Г.Жамъянгийн “Гавьяа” найрууллын мөрөөр 1978 онд тухайн үеийн эрх баригчид 19 сэтгүүлч, улстөрийн нэг ажилтныг хэмэгдүүлэн шийтгэсэн байдаг. Үүнд буруутай хүмүүс нь уучлал гуйгаагүй байхад Монголын сэтгүүлчдийн байгууллага хэлмэгдсэн сэтгүүлчдээсээ анх удаа уучлал гуйсан юм. Үүний зэрэгцээ гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол, Хятадын сэтгүүлчдийн III форумыг анх удаа Монголд хийсэн, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ажилладаг болсон, МСЭ-ийн салбарыг анх удаа гадаадад байгуулсан гэх зэргээр ахиц гаргажээ. Мөн сэтгүүлчдийн даатгал бий болгож, сэтгүүл зүйн бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийснээ Б.Галаарид их хуралд тайлагналаа.
Б.Галаарид дансандаа нэг сая төгрөгтэй, 5.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгууллага хүлээн аваад тэрээр үндсэн хөрөнгийг нь гурав дахин өсгөснийг Хяналтын зөвлөлийн гишүүн, МОНЦАМЭ агенлагийн сэтгүүлч Д.Ариунаа их хуралд танилцуулав. Өнгөрсөн хугацаанд МСЭ нэг ч нам, эвслээс хандив аваагүй агаад Б.Галаарид өөрөө 17.3 сая, “Улаанбаатар төмөр зам” 10 сая, “Шунхлай” 5.0 сая, “Монголиан майнинг”, “Ди Ди Эш” зэрэг байгууллага хандив өгчээ. Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ой, сэтгүүлчдийн шилдгийг шалгаруулах ёслол гэх мэт аливаа баярыг архигүй тэмдэглэж хэвшүүлснээс гадна ийм арга хэмжээнд улс төрчдийг урихаа больсон юм.
Их хурлын үеэр яригдсан нэг гол асуудал нь МСЭ өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй, байрны түрээсийн төлбөрт хуримтлагдсан 89 сая төгрөгийн өр төлбөртэй холбоотой асуудал байв. “Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр Монголын сэтгүүлчдэд байр барих газар олгохоор амласан. Түүнийгээ өгсөн үү” хэмээн олон сэтгүүлч “нэхэв”. Харин ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян “Төрийн ордны зүүн талд, хуучин Хэвлэх үйлдвэр байсан газрыг Монголын төр МСЭ-д өгчихмөөр юм. Бид тэндээ ордон бариулаад авч болно. 12 давхар барилга бариулаад дөрвөн давхрыг нь аваад бусдыг нь барилгын компанид өгчихье. Барилга бариад өгөх компани хаанаас ч олдоно. Үүнийг хөөцөлдөөч” гэсэн санал гаргав. Сэтгүүлчид үүнийг дэмжсэн юм.
Их хурлаар хэлэлцсэн бас нэг чухал зүйл нь МСЭ-ийн дүрмийг шинэчлэх тухай байв. Уг дүрэмд оруулсан өөрчлөлтийг сэтгүүлчид дэмжиж баталсан. Ингэснээр МСЭ-ийн нэрийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болгож, хуучин нэрээ буцаан авлаа. Өмнөх XV их хурлаар МСНЭ-ийн нэрээс нэгдсэн гэдэг үгийг хассан ч өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид өөрсдөө төдийгүй олон нийтийн дунд Монголын сэтгүүлчдийн эвлэл гэдэг нэр хэвшээгүй. Тиймээс нэгдсэн гэдэг үгийг буцаан авсан юм. Үүнээс гадна МСНЭ 61 гишүүнтэй бага хуралтай, мэргэжлийн төвүүдтэй болж байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн аль салбарт ажилладгаас хамааран зургаан төвд харьяалагдахаар боллоо. Эдгээр төвөөс тус бүр есөн хүнийг бага хурлын гишүүнээр сонгосон юм. Сонин, сэтгүүлийн мэргэжлийн төвийн даргаар “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Д.Заяабат, Телевизийн мэргэжлийн төвийн даргаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Радио, FM-ийн мэргэжлийн төвийн даргаар МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан, Цахим мэргэжлийн төвийн даргаар Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төвийн даргаар Төв аймгийн сэтгүүлч Энхбаатар, Сургалт, судалгааны мэргэжлийн төвийн даргаар МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар нар ажиллана.
Мэргэжлийн төвүүдийн дарга нар болон эвлэлийн ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Дүрмийн хорооны дарга нийлсэн 11 хүн Удирдах зөвлөлийг бүрдүүлнэ. Өмнө нь Гүйцэтгэх хороо гэж байсан ч гишүүд нь хуралдаа оролцдоггүй, тэднийг цуглуулахад хүндрэл гардаг, эргүүлэн татах арга зам байхгүй байсан тул дүрэмд өөрчлөлт оруулснаар тус хороог Удирдах зөвлөл болгосон юм. Үүний зэрэгцээ МСНЭ-ийн их хурлыг гурав биш, дөрвөн жилд нэг удаа хийж байхаар болов.
МСНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнийг энэ их хурлаас өөрчиллөө. Ерөнхийлөгчид Б.Галаарид, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч С.Шаравдорж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр нарын нэрийг их хурлаас дэвшүүлсэн ч Б.Галааридаас бусад нь нэрээ татсан. Ингээд санал хураахад дийлэнх олонхийн саналаар Б.Галаарид улиран сонгогдлоо. Тэгвэл тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр, “Үндэсний пресс” агентлагийн ТУЗ-ийн дарга П.Баярмагнай, ТV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа нар нэр дэвшлээ. Ингээд Ч.Даваабаяр, П.Баярмагнай, Э.Дагиймаа нар нэрээ татав. Санал хураалтаар М.Наранбаатар олонхийн санал аван, тэргүүн дэд ерөнхийлөгч болж, МСНЭ-ийн гадаад харилцааг хөгжүүлэх үүрэг хүлээлээ.
МСНЭ-ийн дотоод асуудлыг дэд ерөнхийлөгч хариуцдаг. Энэ албанд МСЭ-ийн нарийн бичгийн дарга Х.Батхишиг, ТV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр, Гүйцэтгэх хорооны гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, “Үндэсний пресс” агентлагийн ТУЗ-ийн дарга П.Баярмагнай нарын нэрийг дэвшүүлснээс Ү.Хүрэлбаатар, П.Баярмагнай хоёр нэрээ татав. Ингээд Ү.Хүрэлбаатарын хүү Х.Батхишиг дийлэнх олонхийн саналаар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч боллоо. Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчид МСЭ-ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч С.Шаравдорж, Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн дарга М.Гантулга нарыг нэр дэвшүүлсэн ч М.Гантулга нэрээ татсанаар С.Шаравдорж улиран сонгогдсон юм. Энэ хуралд оролцох эрхийг 248 хүнд мандатаар олгосноос 203 нь оролцож, 184 хүн саналаа өглөө. Хуралд оролцогчдын 130 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй сэтгүүлч байлаа. 21 аймгаас 60, ахмад сэтгүүлчдээс 30 төлөөлөл ирсэн юм. Энэ үеэр “Зар мэдээ” сонины эрхлэгч Д.Баясгалан МСНЭ-д 10 сая төгрөг хандивлав.