Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг өнгөрсөн пүрэв гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын нэгэн хэлтсийн дарга болгожээ. Энэ нь дээрх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдсонтой холбоотой гэнэ. Х.Халиун, Г.Сарангэрэл нарт холбогдох хар тамхины хэргийг шалгах явцдаа ЗБГХТГ-ын ажилтнууд сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулж, утсыг нь тагнаж чагнасан гэх дуулиан дэгдсэн. Улмаар Ц.Батсүх болон ЭЦГ-ын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг ажлаас нь халах тушаалыг ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, тэргүүн комиссар С.Баатаржав гарган, чөлөөлсөн билээ. Дээрх гурван хүн ажлаас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлж, заргаа авсан аж. Улмаар ЦЕГ-ын шинэ дарга, тэргүүн комиссар Р.Чингис ажилд эгүүлэн томилох тушаал гаргаснаар Ц.Батсүх ийнхүү өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ажилдаа оржээ.