Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас бүх аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудтай холбоо барихад малын зүй бусын хорогдолгүй, зам даваа хаагдаагүй, өвс, тэжээлийн нөөцтэй өвөлжилт хэвийн байна гэж мэдээлжээ. Одоогоор аймаг, сумын нөөцийн хувьд 28.500 тн өвс, 4200 тн тэжээл бэлтгэснээс 112.5 тн өвс буюу 0.4 хувь, 196.2 тн тэжээл буюу 4.6 хувийг нь зарцуулсан, ихэнх аймгийн нөөц хэвээр байгаа гэлээ. Харин Цаг уур орчны шинжилгээний газраас нийт малчид, иргэдэд энэ сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.