Арав гаруйхан хоногийн дараа Монголын уламжлалт баяр Цагаан сар болох гэж байна. Сар шинэ ойртсон энэ өдрүүдэд зах, худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байв. Цагаан сарын бэлэг болох оймс, цамц, шампунь зэрэг жижиглэнгийн барааны эрэлт их байгаа тухай худалдаачид ярьж байна. Импортоор орж ирж буй эдгээр зүйлсийг нэг нэгэндээ бэлэглэх нь тухайн хүнд төдийлөн хэрэг болдоггүй хэмээн өнөөдөр "Номтой нөхөрлөе" клубийнхэн онцлов. Харин тэд үүний оронд ном бэлэглэхийг уриаллаа.
Албан бус мэдээгээр цагаан сарын баяраар нэг айл дунджаар 1.400.000 төгрөг хэрэглэдэг. Түүний 40 хувийг бэлэг авахад зарцуулдаг аж.
“Номтой нөхөрлөе” клубийн тэргүүн Н.Хүлгэн "Монголчууд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Мөн өдрөөс өдөрт өсөж байгаа гадаад вальютаар оймс, трико, шампунь зэрэг зүйл авдаг. Үүний оронд бие биедээ ном бэлэглэдэг болчихвол улс даяар оюуны асар том давалгаа өрнөх болно" гэж ярилаа.
М.Болорцэцэг