МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийдээ тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гишүүдийнх нь өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээгүй болохыг онцлов. Ялангуяа гэмт хэрэгтнийг өршөөх хуулийн төсөлд анхаарал хандуулахгүй байна гээд ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхэд УИХ-ын дарга, Тамгын газрын удирдлагууд хариулт өгөх ёстой” гэлээ. Үүний зэрэгцээ төрийн алба хаагчдыг хоморголон халж байгааг эсэргүүцэж, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Ийм байдал цаашид үргэлжилбэл эвслийн бүлэг улс төрийн өөр сонголт хийх болно гэдгийг ч тэрбээр мэдэгдэв.
Өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг зургаан төслийг ирэх чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн “Урт нэртэй” хуулийг дагаж, мөрдөх журмын төслийг өмнөхөөс нь дордуулсан тохиолдолд дэмжихгүй гэж Бүлгийн гишүүд санал нэгджээ. Харин Хүний эрхийн комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн аж.