Монголын тариаланчдын холбооноос Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад хандан санал хүргүүлжээ. Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан тариаланчдаас гурилын үйлдвэрүүдэд тушаасан нэг тонн буудай тутамд 70.000 төгрөг олгох Засгийн газрын шийдвэрийг тус холбооныхон хүлээн зөвшөөрч буй бөгөөд энэ сарын 10-ны дотор урамшууллын мөнгийг яаралтай олгохыг хүссэн байна. Гурил үйлдвэрлэгчдийн саналын дагуу 20.000 тонн өндөр цавуулагтай буудай импортолж буй нь гурилын чанарыг сайжруулах зорилгодоо нийцэж буй, эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж, цаашид цавуулаг өндөртэй, хатуу буудай дотооддоо тарьж, буудай импортлохыг бүрэн хориглох тухай санал хүсэлтээ илэрхийлжээ. Өнгөрсөн оны ургацаас гурилын зарим үйлдвэрт тушаасан буудайн үнийг өдий хүртэл авч чадаагүй тариаланч бий тул төлбөрийг ойрын үед бүрэн барагдуулахад анхаарал хандуулах нь чухал байгааг ч мөн дурджээ.
Тус холбоо цаашид салбарынхаа яамтай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд Р.Бурмаа сайдад “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөр батлуулах, буудайн тоо хэмжээ, чанар, нийлүүлэлт, төлбөр тооцоог шуурхай болгох чиглэлээр яам, гурил үйлдвэрлэгчдийн оролцоотой гурван талт хэлэлцээр хийх санал тавив. Үүнээс гадна газар тариалангийн үйлдвэрлэлийн экспортыг дэмжиж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, ирэх хаврын тариалалтын бэлтгэл хангахад зориулж жижиг, дунд тариалан эрхлэгчдэд үр, ургамал хамгааллын бодис зэргийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгох тухай тусгасан байна. Тус холбооныхон дээрх саналуудад салбарын сайд нь анхааралтай хандан, холбогдох шийдвэрийг яаралтай гаргахыг хүсчээ.