Бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилгоо, сандал ширээ тойрсон асуудалд цаг алдаж байна гээд Ерөнхий сайд иргэдээс санал асуулга авч буйг “ойлгомжгүй” хэмээн тодорхойлов. Тэрбээр “Ард түмэнд өлсөх үү, эсвэл “Оюутолгой”-г хөдөлгөх үү гэсэн сонголт тулгаж байна. Уг нь бид “Оюутолгой”-г хэдийнэ хөдөлгөчихсөн. 2015 онд тус төслийн хүрээнд гурван их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Энэ бол Монгол Улсын төсвийн 70 хувьтай тэнцэх тоо. Ийм байхад түүнийг хөдөлгөх үү гэж асуух нь ойлгомжгүй байна. “Рио тинто”-г гаднын компани худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа талаар сонссон. “Рио тинто”-гийн 19 хувийг эзэмшдэг “Чанелко” зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Энэхүү хэлэлцээр нь ирэх дөрөвдүгээр сард дуусах ёстой. Үүнтэй холбоотойгоор иргэдэд сонголт тулгаж байна. Тавантолгой бол өөр хэрэг” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх санал асуулгад гурав дахь сонголт байх ёстой гэж байлаа.
Үүнээс гадна “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын хуульд өөрчлөлт оруулж, амин сүнсийг нь үгүй хийх санаархал явж байгаа тул гудамжинд гарч тэмцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний, Эдийн засгийн өршөөл үзүүлэх болон Соёлын тухай хуулийн төсөлд саналаа тусгаж, анхаарч ажиллана гэв.