УИХ-ын хэсэг гишүүн байсхийгээд л нээлттэй сонсгол гээч юм хийдэг болжээ. Түүгээрээ нийгмийн эмзэг асуудал, хүмүүсийн мартагнаад байсан сэдвийг хөнддөг юм. Х.Тэмүүжин нарын санаачилгаар “долдугаар сарын 1”- ний хэргээр Хүний эрхийн дэд хорооны нээлттэй сонсгол болов доо. Нийгмийн олонхид тэр нь таалагдаагүй шиг байгаа юм. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийг өмнөө “бөхөлзүүлээд” ажлыг нь заах улстөрч-гишүүдийг хараад олон нийт дургүйцсэн билээ. Саяхан бас хэдэн гишүүн хөрөнгө орлогоо буруу буюу дутуу мэдүүлсэн төрийн албан хаагчдыг шүүв. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг илчлээд өгөх нь дээ гэтэл бас л шоу байлаа.
АТГ-ынхан УИХ-ын гишүүдийн “зоогонд” зориулж хэдэн “жараахай” барьснаас ялгаагүй юм болсон гэхэд хилсдэхгүй. Саяхнаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо элэг бүтэн болоод буй. УИХ олон жил хойш сууж аргацаасны эцэст Д.Дэмбэрэлийн үед Дэд хороог хуультай, дүрэмтэй болгоод байгаа.
Төрийг бохир хүмүүсээс хамгаалахад энэ Дэд хороо чухал үүрэг, хариуцлага хүлээдэг. Бүрэн бүрэлдэхүүнтэй учраас одоо улс төрийн бус нийгмийн захиалгаар ажиллах ёстой болохоор тэднийг ойрын үед юу хийхээр бэлтгэж байгаа талаар чих тавьсан юм. Ёс зүйн дэд хорооны гишүүд ойрмогхон албан бусаар уулзаж, санал солилцохдоо гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тогтож ярилцсан гэнэ.
Ингээд хөрөнгө орлогын мэдүүлэгт нь мониторинг хийлгэхээр ерөнхийдөө санал нэгдсэн байна. Зарим нь аудитын газраар дүгнэлт гаргуулъя гэхэд нэг хэсэг нь ерөөсөө ийм зүйл байж таарахгүй гэж хаширласан юм байх. Дэд хорооны дарга Г.Баярсайхан болохоор хараат бус хөндлөнгийн байгууллагаар хөрөнгө орлогын мэдүүлгээ шалгуулах санал гаргасан тухай тус хорооны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг гишүүн нь ярив.
Энэ тухай Г.Баярсайханаас тодруулахыг хүсэхэд, Су.Батболд, Н.Энхболд нар эзгүй байгаа, тэднийг ирэхээр хуралдаж, хэлэлцэх асуудлаа ярилцана. Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулахыг олон түмэн шаарддаг нь үнэн л дээ гэснээс өөрийг хэлэхийг хүссэнгүй.
Нийгэмд яг ийм хүлээлт байдаг юм билээ. Харин Ёс зүйн дэд хороо энэ захиалгыг хэрхэн биелүүлэх юм бол. Тэд жараахай хөөцөлдөж шоудалгүй, тул барьж чадах болов уу