“Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, дүүргүүдийн иргэдийн төлөөлөл Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн тат хэмээн УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхэхээр болжээ. Уг хууль батлагдвал ажлын байр буурч, архидалт газар авна гэдгийг тэд онцлон, “архидалттай биш, ажлын байртай тэмцэхээ болиоч” хэмээв.
“Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Н.Мөнхтуяа “Энэхүү хуулийн нэр нь согтууруулах ундаатай тэмцээд байгаа мэт харагдаж байгаа боловч агуулга нь ажлын байртай тэмцээд байгаа юм. Энэ чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж, холбоодын саналыг тусгаагүй. Жишээ нь, уг хуульд “2000 мянган хүн тутамд нэг архиар үйлчлэх цэг байна” хэмээн заасан нь шударга бус. Үүний цаана хэдэн мянган айл хоногийн хоолны мөнгөгүй болох эрсдэл буйг харах хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай үед энэ мэтээр ажлаас нь салгаж байгааг эсэргүүцэж байна” гэв.
Түүнчлэн “УИХ хууль батлахдаа үр дагаврыг нь өнгөц тооцоолон, жижиг аж ахуй нэгжүүдийн эрсдэлийг хардаггүй. Энэ нь ажилгүйчүүдийг олноор бий болгодог. 1990-ээд онд картын бараанд архийг оруулсан нь эрэлтийг улам нэмж, иргэдийн авах хүслийг бадрааж байсан билээ. Ямар нэг зүйлийг хорих тусам бүр л авах хүсэл төрдөг. Мөн ажилгүй иргэд их байхын хэрээр архидалт нэмэгддэг гэдгийг сануулах үүднээс энэхүү шаардлагыг хүргүүлж байна” хэмээн дүүргүүдийн иргэдийн төлөөлөл ярилаа.