Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат холбогдох албаныханд өглөө.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран эрүүлжүүлэх тал дээр асуудал боловсруулан дүүргүүдээс санал авч Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэ 7 хоногтоо багтан төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нар харьяа нэгж төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулах хоног хугацаагаа тодорхой болгож ажлаа гүйцэтгэх, Нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчид энэ сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх, харин дүүргүүд Худалдан авах ажиллагааны газартай хамтран хөрөнгө оруулалтын ажлаа шуурхай зохион байгуулж дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажил үүрэг эхлэх бэлтгэл ажлыг хангасан байх, нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Дүүргүүд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ идэвхитэй зохион байгуулах, мөн зар сурталчилгааны самбаруудыг эргэн хянаж хариуцлагатай ажиллах, газар шинэчлэн зохион байгуулах бэлтгэл ажилд идэвхтэй оролцохыг дүүргүүдэд үүрэг болголоо.