Монгол Улсын 3 сая дахь иргэн Х. Монголжин охины чацуутан хүүд аав ээж нь Азбаяр хэмээх нэрийг билэгдэн хайрлажээ. Хүү Х. Монголжин охиноос 7 цагийн ах бөгөөд 3 сая дахь иргэн мэндэлсэн өдөр Дундговь аймгийн төрөх тасагт мэндэлсэн ганц хүүхэд болж байгаа юм.
Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн шийдвэрээр 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр цаг хугацаанд мэндэлсэн чацуутанд 40 сая төгрөгийн өртөг бүхий нэг өрөө орон сууц бэлэглэх шийдвэр гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж, энэ онд шинээр орон сууц ашиглалтад оруулсан дөрвөн аж ахуйн нэгжийг шалгаруулж, тэдгээрээс орон сууцаа сонгож авах эрхийг чацуутан хүүхдийн аав, ээжид олгожээ.
Энэ дагуу Ц. Азбаяр хүүгийн аав, ээж Мандалговь хотод шинээр бий болж байгаа “Залуус” хороололд “Шувуутайн хийморь” ХХК- ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас сонгоод байгаагаа хэллээ.