Шинэчлэлийн Засгийн газар бүрдэхэд шинээр эмхлэн байгуулагдсан Соёл, спорт аялал жуулчлалын яамны бүтэц эргэн задарсантай холбогдуулан аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газар өнөөдрөөс эхлэн урьдын адил Биеийн тамир спортын газар нэртэйгээр ажиллаж эхэллээ.
Тус байгууллагын эрхлэх асуудлаас аялал жуулчлалынх нь Байгаль орчны газарт, соёлынх нь Боловсролын газарт тус тус шилжсэн байна. Соёл, спорт, аялал жуулчлалын газар болж ажилласан бүтэн жил хагасын хугацаанд “Адуучин” тэмцээн, Монгол айргийн баяр, Зууны манлай уртын дуучин Ж. Дорждагвын нэрэмжит задгай театр, Уртын дуу дуулаачдын олон улсын уралдаан зэрэг урлаг, соёлын томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогыг шинэчлэн, жуулчны баазууддаа жишиг дэд бүтэц бий болгоход нь дэмжлэг үзүүлэхээр Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн зэрэг нааштай алхам багагүй байсныг Биеийн тамир, спортын газрын дарга Ж. Гантулга дурьдлаа.
Энэ оныг Дундговь аймаг Үйлдвэржилтийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгоод байгаа бөгөөд энэ жилд аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, жуулчны баазууддаа хөрөнгө оруулах, Сүм Хөх Бүрдийн нуурыг сэргээж, аялал жуулчлалын цогцолбор болгох зэрэг хэд хэдэн гол ажлыг төлөвлөж байгааг Байгаль, орчин аялал жуулчлалын газар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.