Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын сүүдэр манай улсыг дайрсан үед УИХ арилжааны банкуудын харилцах, хадгаламж гадагшлах урсгалыг тогтвортой болгох, ОУВС-гаас Засгийн газарт олгох зээлийн урьдчилсан нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталсан билээ. Тэгвэл батлаад жил гаруйхан болж байгаа уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барив. Санхүүгийн хямрал иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, банкны салбар дампуурахаас сэргийлсэн хууль хэрэгжиж эхэлмэгц асуудал үүссэн гэж Засгийн газар үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, банкууд хуулийн зүйл, заалтуудыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдаж байгаа тул төсөвт учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар бууруулах шаардлагатай болжээ. Банк хоорондын зах, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй болон түүний холбогдох хүний харилцах, мөнгөн хадгаламжийг төрийн баталгаанд үл хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Банкны удирдлага харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт хийн, эрсдэлийг тооцож үзэн харилцах, хадгаламжийг байршуулах ёстой. Хуульд банк хоорондын захаас татан төвлөрүүлсэн хө- рөн гийг хамруулсан нь эрсдэл өндөртэй банкуудад өндөр хүүтэй зээл олгон үүнийгээ хадгаламж гэж бүртгэж, эцэстээ алдагдлыг төрд үүрүүлж болзошгүй байгаа юм.
Мөн тухайн банкны холбогдох болон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанаас хасахаар хуулийн төсөлд тусгажээ. Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү зарлан, эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, үүгээр дамжуулан банкны системийн найдвартай, тогтвортой, байдал, хүүгийн дундаж түвшинг бууруулахад сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ төрөөс гарч болзошгүй зардлын хэмжээг ч зүй бусаар нэмэгдүүлж байна.
Иймд төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүгийн түвшингээр хязгаарлах зохицуулалтыг нэмэхээр төлөвлөжээ. Төрөөс гаргасан хадгаламжийн баталгаанаас хадгалам жийн даатгалын сонгодог тогтолцоонд аажмаар шилж үүлэх шаардлага гарч буй.
Тиймээс хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааны эх үүсвэрийг одооноос бэлтгэж эхлэх зорилгоор банкууд төрийн баталгаанд хамрагдаж байгаа мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанк дахь тусгай дансанд төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан аж.
Засгийн газар, Монголбанк хамтран “Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа аж. Мөн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг энэ өдөр өргөн барьсан юм.
С.Уул