Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгаагүйн учрыг МАХН-ын зарим гишүүн Байнгын хорооны хуралдааны үеэр С.Баяр цогтоос лавлав. Энэ нь АН-ын гишүүн сайдыг “өдсөн” хэрэг байв.
Сангийн сайд хариуд нь, “Би АН-ын сайд биш, Монгол Улсын Засгийн газрын Сангийн сайд.
Зөвхөн хүүхэд гэхгүйгээр иргэн бүрт сар болгон мөнгө олгоё гэж манай танхим байр сууриа албан ёсоор тодорхой илэрхийлсэн. Энэ асуудлаар улс төр хийхгүй байхыг хүсье” гэв.
Сайд энэ үгнээсээ болж намынхан даа нэлээн ээрэгджээ. Үүний өмнөхөн АН-ын бүлэг Төсвийн тодотголд хүүхдийн мөнгө тусгаагүй гэх шалтгаанаар Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан юм.
АН-ын зарим гишүүн “Хүүхдүүд сонгууль өгдөггүй болохоор нь тэдэнд мөнгө өгөхгүй гэж байгаа юм уу” хэмээн үг хаяхад нь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “АН хүүхдэд мөнгө өгүүлэх гэсэн чинь МАХН эсэргүүцсэн гэж улс төр хийхээ боль” хэмээн бухимдлаа.